2020.08.20

Н.Энхболд: Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь хуулиар олгогдсон эрхээ хуулийн хүрээнд л хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

“Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Гэхдээ учиргүй алдаа гаргаад түүнийгээ уучлал гуйгаад засаад байгаа юм бол биш. УИХ гэдэг том институци бий болоод 28 жил болж байна. Энэ хугацаанд янз бүрийн бүрэлдэхүүнтэй байсан. Гарсан шийдвэр нь тухайн хүнийх бус УИХ-ын шийдвэр гэж явдаг. Дашрамд хэлэхэд шинэ гишүүд мэдэх үү? 1 гишүүн нийт гишүүдийн 1,3%-ийг бүрдүүлдэг. Яагаад бүлэг нам гэж байдаг уу гэхээр олон 1,3-ууд яаж үзэл бодлоороо нэгдэж байр сууриа нэгтгэн хууль гаргахаа шийддэг. Тиймээс тухайн парламентаас гарч буй хуулиудад нөлөөлдөг. 28 жилийн хугацаанд УИХ, гишүүдийн үзэл санаа, байр суурь, бодлого, улс төрийн үзэл санаа зэргээс өнөөдрийн бүх хуулиуд гарсан. Үүнтэй адил өмнөх их хурлын гишүүд энэхүү хуулийг гаргасан бол одоо гийн их хурал хуульд нэмэлт өөрчлөлт оруулья гээд сууж байна. Үүнд хэн нэг хүний буруу гэхээс илүү парлдаментын төлөвшлийг харж болно. Дээр нь Ерөнхийлөгч хуулийг үзэж хараад ийнхүү хориг тавьсан гэж бодож байна.

Олон гишүүн бидний эрхийг авлаа, эрхээ сэргээнэ гэж ярьж байна. Байгалиас заяагаад өгсөн зүйлийг өөр нэг хүн булаагаад авчихсан мэт юм яриад байна. Тийм зүйл байхгүй. УИХ ямар хууль гаргана тэр л бидэнд олгогдож буй эрх. Өмнө нь ийм байсан тэрийгээ буцааж авна гээд хөдлөшгүй зүйл юм шиг ярьж болохгүй. Хэзээ ямар хууль гарахыг бид мэдэхгүй. Ямар хууль гарна тэр нь бидний эрх юм.  

Эцэст нь хэлэхэд ер нь Үндсэн хууль анх батлагдахад Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал, дотоодын эв нэгдлийг хангах асуудлыг бүх аргаар хэрэгжүүлэх байсан. Түүнээс биш засгийн газрын, шүүхийн, хууль тогтоох руу ороод, олон хүний саналаар сонгогдсон, төрийн тэргүүн гэдгээрээ бус хуулиар олгогдсон ямар эрх байна түүнийхээ хүрээнд л байна. Түүнэс биш 630 мянган хүний санал авсан, 6300 хүний санал авсан хүмүүсийн эрхийг харьцуулж ярьдаггүй юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л хуулийн хүрээнд хэрэгжүүлж явдаг юм.”