Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2020.04.30

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын зорилт, чиг үүрэг, Улсын Их Хурлын бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгажээ.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан танилцууллаа. 

Хуралдаанд Монгол Улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн  Р.Хатанбаатар,  Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн  Ц.Товуусүрэн нар оролцсон.  

  Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан 18 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн үг хэллэг, найрууллага, дугаарлалтыг жигдлэх гурван багц найруулгын саналыг  бэлтгэн хэлэлцэн шийдвэрлүүлсэн гэдгийг дурдлаа.

Хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд 4.5. дахь хэсгийг 4.5, 4.6 дахь хэсэг болгон “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга тэмдэг, хэвлэмэл хуудас  хэрэглэнэ” гэж, 4.6.“Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

 Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3. дахь заалтын “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны” гэснийг “Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 23.3.4. дэх заалтын “Өргөдлийн” гэснийг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо. Мөн  төслийн 23 дугаар зүйлд “иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэж, 23.2.15 дахь заалт, “өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалт, төслийн 44 дүгээр зүйлд 44.4.19 дэх буюу “Парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэсэн агуулгатай заалтыг тус тус нэмэхээр болов. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.