2020.04.16
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.16\ хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг батлуулахаар тогтов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн олонхи дэмжиж тогтоолын төсөл батлагдлаа.