Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.01.02

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэрбээр “Ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагуудын зардлыг тухайн байгууллагын төсвийн зардалд тусгахаар болсон.

Тухайлбал, үүнд цагдаа, онцгой байдал, улсын бүртгэлийн байгууллагууд хамаарна. Бүх төрлийн сонгуулийн сурталчилгааны зардлыг багасгаж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш 22 хоногт сурталчилгаа хийх өөрчлөлт оруулсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргах зохицуулалт нэмсэн. Цахим орчинд сурталчилгаа хийх болон сурталчилгааны самбарын стандартын талаар тусгасан” гэлээ.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжлээ.