УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч гишүүдийн олонх нь хуулийн төсөлтэй танилцах хугацаа гаргах нь зүйтэй гэдэг санал гарсасан юм.
Сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхболд "Сонгуулийн тухай хуульд улс төрийн намуудын саналыг тусгах ёстой. Энэ хуулийн төсөлд улс төрийн намуудын оролцоог хэр хангасан бэ. Дээр нь яг одоо байнгын хороогоор хэлэлцэхэд гишүүд хуулийн төсөлтэйгээ бүрэн танилцаж амжаагүй байгаа. Тиймээс хойшлуулах нь зүйтэй болов уу" гэсэн юм.
Түүний асуултад Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа 26 улс төрийн нам, найман төрийн бус байгууллагаас ирүүлсэн нийт саналуудаас 320-ыг нь тусгасан. Мөн Засгийн газраас 10 санал ирүүлснээс есийг нь хуулийн төсөлд оруулсан" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хуулийн төслийг гишүүд сайн судлаг. Ажлын хэсгийнхэн хоёр жил ажилласан учраас сайн мэдэж байгаа. Хуулийн төсөл цаасан дээр буугаад яаж орж ирэв гэдгийг би өчигдөр л харлаа.
Чуулганаар хурдан шийдээд, ажлын хэсэг нь сайн ажиллах хэрэгтэй. Сонгуулийн хуульд нягт нямбай хандах ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо бусад ажлаа хойш нь тавиад Сонгуулийн хуульд анхаарах хэрэгтэй байна" гэв.
Ийнхүү байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг маргааш хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн 63.6 хувийн саналаар хойшлууллаа.