Нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй
2016.05.02

Нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд энэ долоо хоногт багтаан нэр дэвшигчдээ тодруулах ёстой ч Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ эцэслээгүй, мөн дээрх дүгнэлттэй холбогдож Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ эцэслэх ёстой ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн авсан завсарлагаас үүдэж зогсчихоод буй.

Иймд Сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх хугацааг хэрхэн заасан, мөн хугацаа хэтэрсэн нөхцөлд ямар зохицуулалт хийх вэ гэсэн асуудлыг хөндөж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ.

 

-Сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 3-нд тодруулсан байх ёстой гэдэг зүйл яригдаж байсан ч Нийслэлийн Сонгуулийн хорооноос “Тавдугаар сарын 17-н гэхэд нэр дэвшигчид тодорсон байх ёстой” гэдэг зүйл яриад эхэллээ. Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвшигчдийг хэднээс хэдний хооронд тодруулахаар заасан байгаа вэ. Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор ойлгомжгүй асуудлууд бий болж, Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах бэлтгэл хангахад ч төвөгтэй байх шиг. Энэ талын мэдээлэл танд байна уу?

-УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ жил УИХ-ын сонгууль болоод орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг УИХ хүлээж авах эсэхийг  хэлэлцээд удаж байна. Энэ долоо хоногт нэг тийш нь эцэслэхээс аргагүй цаг хугацаагүй боллоо.

Яагаад гэвэл Үндсэн хуулийн 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн зарим зохицуулалт түр түдгэлзсэн, үйлчлэл нь зогссон байдалтай байна. Энэ нь жагсаалтын 28 нэр дэвшигчидтэй шууд холбоотой асуудал юм.

Хуулийн дагуу бол нам, эвсэл сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болж байгаа. Энэ процесс явсан.

Үүний дараа нам, эвсэл УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 5-наас эхэлж тавдугаар сарын 9-ний дотор дуусах ёстой. Санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалттай юм. Тодруулж хэлбэл, 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагаа эхлүүлнэ гэдэг тавдугаар сарын 5-наас эхлээд 9-нд дуусгавар болсон байхаар цаг хугацааг зааж өгсөн. Гэтэл яг энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой байгаа учраас энэ процесс явагдахгүй болчихоод байгаа, УИХ-ын сонгуулийн хувьд. Тэгэхээр УИХ-ын жагсаалттай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж таарна. Хугацаа нь өнгөрч байгаа учраас нам, эвслээс УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны графикт өөрчлөлт орж таарна.

-Тэгэхээр яаж зохицуулах вэ. Шударга ёс эвслийн завсарлага үргэлжилж ч болзошгүй юм?  

-Энэ долоо хоногт учрыг нь олоод яаралтай нэг тийш болгохгүй бол болохгүй.

-Хэрвээ “Шударга ёс” эвслийн бүлэг нэмж гурав хоногийн завсарлагаа үргэлжлүүлнэ гэвэл цаг хугацаа нь тулсан асуудлыг шууд хэлэлцээд явах эрх зүйн зохицуулалт бусад хуульд туссан байгаа юу?

-УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Түүнд хуулиар хугацааг нь тусгайлан заасан хуулийг хэлэлцэх үед уг хуулийг хэлэлцэхэд саад болохгүй байх заалт орсон. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлд энэ долоо хоногт хэвлэгдээд гарахаар энэ заалт үйлчлээд эхэлнэ.

-Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийн хүрээнд Сонгуулийн тухай хуулийн суурь зохицуулалт хөндөгджээ гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ, суурь зохицуулалт хөндөгдсөн. Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг уншиж өгье. Түүнд Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тусгуулж байгаа болохыг дурдсугай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, 76-ын 48х28 эвдэгдэж байгаа учраас дагалдах өөрчлөлт энэ хуульд байна гэж гуравдугаар заалтдаа дурдсан.

-Дагалдах заалт гэдэгт ямар асуудлууд хөндөгдөөд байна вэ?

-Дээр тайлбарласан нэр дэвшүүлэх хугацаанаас эхлүүлээд өөрчлөхөөс аргагүй зүйлүүд бий.

-УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авлаа гэж бодъё, авсан даруйдаа УИХ-ын аль нэг гишүүн нь эсвэл Засгийн газар хуулийн төсөл санаачилсныг хэлэлцэнэ гэсэн үг үү. Ямар зохицуулалтаар энэ асуудлыг шийддэг юм бэ?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан бол Цэцийн дүгнэлттэй уялдуулж хуульд өөрчлөлт оруулдаг. Харьяаллах байнгын хорооныхоо дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох хуульд өөрчлөлт оруулаад хэлэлцүүлнэ гэж ойлгож болно.