Байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв
2016.04.06

Байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр /2016.04.06/ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх, ардчиллын институтийн ахлах зөвлөх Стивен Мартин, зөвлөх Улви Акундлу нарыг хүлээн авч уулзав. 

Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд хэлэхдээ, энэ 2016 он бол Монгол Улсын тухайд түүхэн үйл явдлаар дүүрэн хариуцлагатай жил. Удахгүй Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, ирэх намар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Өнгөрсөн оны сүүлчээр Сонгуулийн тухай хуулийг баталсан, одоо уг хуулийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна гэдгийг дурдаад ийм чухал үед олон улсын байгууллагын төлөөлөгчид сонгуулийн асуудлаар санал солилцох, бэлтгэл ажлын явцтай танилцахаар ирээд байгаад талархаж буйгаа илэрхийллээ. 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх, ардчиллын институтийн ахлах зөвлөх Стивен Мартин цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд тус байгууллагын төлөөлөгчид 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцсоноос хойш байнгын харилцаатай ажиллаж ирсэн. Энэ удаад Монгол Улсын сонгуулийн тухай шинэ хуулийг судалж танилцах, удахгүй болох Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ажиглагч оролцуулах эсэхээ шийдэхээр ирээд байгаа. Өнгөрсөн өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад хэргийн яамны төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон. Мөн Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, улсын бүртгэлийн байгууллагын төлөөллүүдтэй уулзахаар төлөлвлөж байгаа гэдгээ танилцуулаад шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн шинэлэг зохицуулалтуудын талаар Байнгын хорооны даргаас мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурал сонгуулийн тухай хуулиа сонгуулиас сонгуулийн хооронд боловсронгуй болгож ирсэн, иймээс энэ удаагийн хууль нь өмнөх хуулиудын дэвшилттэй сайн талуудыг агуулсан гэж үзэж болно гээд Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн зарим шинэлэг зохицуулалтын талаар олон улсын байгууллагын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 

Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулийг 2015 оны эцсээр баталсан. Ингэснээр сонгогчид хууль эрх зүйн хувьд нэгдсэн нэг гарын авлагатай болж байна гэсэн үг.

Сонгуулийн тогтоолцооны тухайд Улсын Их Хурлын сонгуулийн хувьд Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгоно. Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгох, Орон нутгийн сонгуулийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөллөгчийг олонхийн сонгуулиар сонгох юм.

Өмнөх хуулиар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн аль нь ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулдаг байсныг хассан. Мөн сонгуульд оролцсон нам, эвсэл нийт сонгогчдын 5-аас дээш хувийн санал авч, тойрогт нэр дэвшигч хамгийн багадаа нэг суудал авсан тохиолдолд тухайн нам эвсэлд мандат хуваарилахаар зохицуулагдсан. Өөр нэг шинэлэг зохицуулалт нь санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулахаар болж байгаа. Мөн нэр дэвшигчдийн жендерийн квот нь өмнөх хуулиар 20 хувь байсныг 30 хувь болгожнэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчилагдсан тул сонгогч саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгөх боломжтой болсон зэрэг олон шинэлэг зохицуулалт тусгагдсаныг танилцуулав.

Мөн сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлагыг тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь Улсын Их Хурлаас баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он” тогтоолд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх бөгөөд тухайн мөрийн хөтөлбөр нь дээрх хууль, үзэл баримтлалд нийцэж буй эсэх, улсын төсвөөс давсан биелэгдэхээргүй амлалт байгаа эсэхэд Үндэсний аудитын байгууллага аудит хийж дүгнэлт өгөх юм гэдгийг тодотголоо.

 

Стивен Мартин Монгол Улсын сонгуулийн хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд нь Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд хуулийн зарим зохицуулалтын талаар нэмж тодруулав. Тус байгууллагын төлөөлөгчид ажлаа дуусгаад тайлан гаргаж, удахгүй болох Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд олон улсынбайгууллагын ажиглагч оролцуулах эсэх, хэрэв оролцуулахаар бол хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх талаар зөвлөмж гаргана гэдгээ хэллээ.

Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын төгсгөлд хэлэхдээ, энэ удаагийн сонгууль хуулийн дагуу, элдэв маргаан зөрчилгүй явагдаасай гэж бид хүсч байгаа. Иймээс олон улсын байгууллагууд сонгуулийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, ажиглагчдаа оролцуулах гэж байгаад талархаж байна гэлээхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.