Сонгуулийн тойрог, мандат хэвээр явагдана
2016.01.29

Сонгуулийн тойрог, мандат хэвээр явагдана

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бидэнд ганц л хавсралт тараагдсан байна. Улаанбаатар хотын тойрог нэмэгдэх ёстой гэж гадуур их яригдсан. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Алслагдсан газар нутагт төрийн үйл ажиллагаа хүрдэг байх ёстой. Төвлөрлийг дэмжсэн сонгуулийн тогтолцоог авахгүй байх нь зүйтэй. Гаргах чиглэл рүү удирдаж өгвөл түгжрэл утааны асуудал хамт шийдэгдэх боломжтой. Цаашид шинээр байгуулагдах УИХ  орон сууны хөтөлбөрийг хөдөө орон нутаг руу чиглүүлэн төвлөрлийг саатуулах хэрэгтэй. Тиймээс сонгуулиа ч эхнээс нь энэ чиглэл рүү чиглүүлэх нь зөв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Би тойргийн тоог нийслэлд нэмэх байр суурьтай байдаг. Яагаад гэвэл СХД 320 мянган хүн амтай, Өмнөговь аймаг 45 мянган хүнтэй. Найм дахин илүү хүнтэй тойрог дээр гуравхан мандаттай байдаг. Үүнийг яагаад нэмж болохгүй байгаа юм бэ?

Үүний дараагаар байнгын хорооны саналыг гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр Сонгуулийн тойрог, мандатын тоо хэвээр  үлдлээ.