С.Эрдэнэ: Нэг нийгмээс нөгөөд шилжих явцад хохирсон иргэдээ төр харж үзэх ёстой
2012.05.22

С.Эрдэнэ: Нэг нийгмээс нөгөөд шилжих явцад хохирсон иргэдээ төр харж үзэх ёстой

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын түвшинд 1990-1995 онд ажил хө­дөлмөр эрхлээгүй иргэ­дийн хөдөл­мөрийг нө­хөн тооцох тухай хуу­лийн төсөл хэлэл­цэг­дэж бай­на. Энэ хуулийн төс­лийн гол агуулга нь юу вэ?

-Нийгмийн шил­жил­тийн үе өнөөдөр бүрэн дуусаагүй байна. Ялан­гуяа иргэдийн нийгмийн хамгаалал, нийгмийн даат­галтай холбоотой эрх зүйн зохицуулалтууд төгс төгөлдөр болоо­гүй­гээс олон хүн амьжир­гааныхаа эрсдлийг даах чадваргүй байна. Үүний тод жишээ гэвэл 1990-1995 онд олон мян­ган иргэн ажилгүй байсан явдал. Ингэхдээ өөрөөс үл хамаарах шалтгаа­наар ажилгүй болсон бай­даг. Тухайн үед олон үйлдвэр, завод хаалгаа барьж татан буугдсан. Харам­сал­тай нь тухайн үеийн төр засаг ажилгүй болсон иргэдийнхээ талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй зөнд нь орхисон. Ингээд эдгээр иргэдийн ажилла­сан жил байхгүй болж тасарсан. Тиймдээ ч тухайн үед олон мянган хүн ажил эрхлээгүй юм шиг хараг­даж байгаа. Харин нөгөө талаас нь аваад үзвэл тухайн үед манай улсын нийгэм эдийн засагт маш том үүрэг гүйцэтгэсэн бай­даг юм.

Бидний ярьд­гаар ганзагын най­маач­дын бүхэл бүтэн арми байлаа.

Тэдний ажил хөдөлмөр дээр Монгол орны им­портын бараа таваар тог­тож байсан. Тэгэхээр энэ утгаар нь авч үзвэл хувиа­раа бизнес эрхэлсэн ир­гэд ихээхэн чухал ажил гүйцэтгэж улс орныхоо хөгжилд чамгүй хувь нэ­мэр оруулсан байгаа юм. Харамсалтай нь тэд хууль ёсны ажил эрхэлж бай­сан гэж хөдөлмөрөө бүрт­гүүлж чадаагүй. Тий­мээс төр гаргасан ал­даа­гаа зал­руулах ёстой. Ин­гэхдээ нийгмийн даат­галыг нь нөхөн бүрдүүлж өгөх ёс­той гэж үзэж бай­гаа. Тий­мээс миний бие 1990-1995 онд ажил хө­дөлмөр эрхлээгүй иргэ­дийн нийг­мийн даатгалыг нөхөн бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловс­руул­сан юм.

-Ер нь ийм байдлаар хохирсон хичнээн иргэн байдаг юм бол. Тооцоо судалгааг хэр хийсэн бэ?

-Нийт 260-270 мянган иргэн энэ хүрээнд ха­маарч байгаа. Энэ хууль дотроо хоёр хэсэгт ху­вааг­даж байна. Нэг нь 1990-1995 онд ажил, хө­дөлмөр эрхэлж байгаагүй хүмүүсийн хөдөлмөрийг нөхөн тооцъё гэдэг асуу­дал. Харин хоёр дахь нь 1995 оноос нийгмийн даатгалын шинэ тог­тол­цоо бий болсон байдаг. Энэ тогтолцоо бий бол­сон ч эхний таван жилдээ нийгмийн даатгалын тог­толцоо, үүнтэй холбоотой хуулийг манайхан огт ойл­­гоогүй. Монголд огт байгаагүй тогтолцоог нэвт­­рүүлсэн гэсэн үг. Үүнийг манай иргэд 2000 он хүртэл таван жил ойл­голгүй явсан байдаг. Тө­рөөс хууль сурталчлах ажлаа ч хийж чадаагүй. Үүнээс улбаалан таван жилийн хугацаанд 700 гаруй мянган хүн нийг­мийн даатгалын шимт­гэлээ төлөлгүй тасарсан байгаа юм. Энэ асуудал иргэдээс мөн л шалт­гаа­лаагүй. Тэгэхээр эдгээр иргэдийн даатгуулагч өөрөө төлөх ёстой 10 хувийг нь төлүүлж тасалд­сан таван жилийг нь нө­хөн тооцох эрхийг нь хуу­лиар олгож өгье гэж бай­гаа. Тэгэхэд нэг иргэнээс 80 гаруй мянган төгрөг л гарах юм байна лээ. Ир­гэн хүн өөрөөсөө 80 мян­ган төгрөг харамлаж нас­ны эцэст тэтгэвэргүй сууж байснаас шууд төлөөд бүртгүүлэх боломжтой. Энэ хоёр заалтын агуул­гаар аваад үзэхэд нэг сая шахам иргэд 5-10 жил ажилласан нь тооцогдох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Ингэхээр ха­ламжийн тэтгэлэг авч бай­гаа иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах боломжтой болно. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн бүрэн тэтгэврийн хэмжээ­гээ тогтоолгох боломжтой болно. Бүрэн тэтгэвэр авч байгаа иргэн тэтгэврийн­хээ хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Гэхдээ хуулийнхаа хүрээнд нийгмийн даат­галаа төлөлгүй явсан иргэдийн буруу бай­маар юм. Яагаад заавал төр энэ асуудлыг нь хариуцах ёстой юм бэ?

-Ер нь төрдөө гээгд­чих­сэн олон мянган иргэн байна. Харин хэн нэгэн тэтгэвэрт гарна гэдэг ту­хайн хүнд асар их эрсдэл ирнэ гэсэн үг. Биологийн насны хувьд, ажил эрхлэх боломжийн хувьд ч тэр ижилхэн. Ялангуяа зах зээлийн нийгэмд шилж­сэн өнөө үед ахмадууд аль болох бие дааж амьд­­рах сонирхолтой бол­­сон. Үр хүүхдээ бу­шуу, түргэн тусад нь гар­гаж байна. Ийм цаг үед тэтгэврийн насны хү­мүү­сийг нийгмийн даат­га­лаар нь сайн дэмжиж өгөх ёстой. Энэ бол төрийн үүрэг. Гэхдээ ийм зүйлийг ярилаа гээд бас нэг зүй­лийг онцлох ёстой. Энэ нэг сая орчим иргэн хуу­лиар хүлээсэн үүргээ хү­лээлгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн бол шал өөр. Гэтэл 1990-2000 оны хооронд хөдөл­мөр эрхэлсэн жилээ бүрт­гүүлж чадалгүй хохирсон нь тухайн үеийн нийг­мийн байдлаас хамаар­сан хэрэг. Тэгэхээр төр хуулийн зохицуулалтаар үүнийг хийж өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Хууль батлагдвал төрөөс хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ. Бас ямар шат дараатай ажлуудыг хийх бол?

-Яг өнөөдрийн хувьд сая шахам иргэний ажил­ласан жилийг нөхөн тооц­­соноор улсаас мөнгө гарахгүй. Яваандаа хү­мүүсийн ажилласан жил нөхөгдөөд ороод ирэхэд Тэтгэврийн даатгалын санд бага зэрэг ачаалал үүснэ. Гэхдээ энэ хуулийг санаачлахдаа эдийн зас­гийн боломжоо бас су­далж үзсэн. Энэ жилийн хувьд манай эдийн зас­гийн өсөлт 17 хувьтай байлаа. Сая чуулганаар 2013 оны төсвийн хүрээ­ний мэдэгдлийг хэлэл­цэ­хэд 19 хувьд хүрэхээр байна лээ. Тэгэхээр эдийн засгийн энэ өсөлтийг нийг­­мийн халамж, даат­гал руу зөв бод­ло­гоор чиглүүлэх ёстой юм. Жи­шээ нь Хүний хөгжил сан­гаар 21 мянган төгрөг тараагаад ямар үр дүнд хүрч байна вэ. Энэ мөн­гөөр амьдарч байгаа нийг­­мийн цөөнх байгаа байх. Гэхдээ ихэнх иргэд 21 мянган төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа юм гэдгийг ойлгох нь чухал. Жишээ нь оюут­нууд шоунд, нэг хэсэг нь архинд гэх мэтээр зар­цуулж байгааг бид бэ­лээхэн харж байна. Энэ бүхний ард үндэсний ар­хины үйлдвэрт томоохон хөрөнгө оруулалт орж байгаа юм. Бас нэг хэсэг нь энэ мөнгөөр Эрээн рүү явж хямд бараа таваар зөөж байна. Бас л урд хөршийн хотуудыг хөг­жүү­лэх хөрөнгө оруулалт болоод байгаа. Ийм тийм мөнгө цацалгүйгээр зөв бодлого тодорхойлж хэ­рэгтэй зүйлд зарцуулъя гээд байна. Цэцэрлэг, эмнэлэг барих хэрэгтэй байна. Дээр нь нийгмийн даатгалын нэрийн дан­санд мөнгө байдаггүй. Зөвхөн бичилтээр бо­догд­дог системд байна. Үүнийг мөнгөтэй болгоё. Хөрөнгө оруулалтыг илүү хүчтэй нэмье. Даатгуулагч тэтгэвэрт гарахад тухайн хүн хэрэглээгээ бүрэн хан­гах мөнгөн хуримт­лалыг бий болгож өгье л дөө. Тэгэх аваас энэ бо­дит хөрөнгө оруулат байх болно.

-Бүртгэл судалгаа гээд ажил их шаар­даг­дах уу?

-Энэ асуудалд бас л тооцоо судалгаа хийсэн. Тэгж их төрөөс олон ажил үйлчилгээ шаардаг­дах­гүй. Зөвхөн 1990-2000 онд нийгмийн даатгалаа төлж хөдөлмөр, ажил үйл­­чилгээгээ бүртгүүлж чадаагүй хөдөлмөрийн насны иргэдийг гаргаж ирээд л хуулийн хүрээнд асуудлыг шийдчихнэ. Угаа­саа хууль батлаг­даад ажил эхлэхээр иргэд өөрсдөө хөөцөлдөж асууд­­лаа шийдээд явчих бүрэн боломжтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.