НД-ийн шимтгэлийг нөхөн тооцох хуулийн төслийг дэмжлээ
2012.04.18

НД-ийн шимтгэлийг нөхөн тооцох хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны / НББСШУ/ байнгын хорооны хуралдаа-наар  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал байв. Хуулийн төслийн танилцуулгыг  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийсэн юм.  

1990-1995 онд нийгмийн даатгалын  шинэ тогтолцоо бүрдэх явц, 1995-2000 он хүртэлх нийгмийн даатгалын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх явцад хувь хүнээс өөрөөс нь үл хамааран нийгмийн шилжилтийн нөхцөл шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй болсон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн тооцуулах, цаашид тэдний тэтгэврийн даатгалын баталгааг хангах нь хуулийн төслийг боловсруулах болсон гол үндсэн зорилго гэлээ.

Судалгаанаас үзэхэд нийгмийн шилжилтийн үе буюу 1990-1994 онд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо 200 мянга давсан байна. Мөн 1995-2000 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо дунджаар 703 мянга орчим байдаг аж. Иргэдийн нийгмийн даатгалын үйл ажиллагаанд хамрагдахад хамгийн их саад болж байгаа бэрхшээл нь даатгалын ач холбогдол, үр шимийн талаар мэдлэг, мэдээлэл муутай байдагтай холбоотой бөгөөд энэ нь нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд шүүмжилсэн юм.

Нийгмийн даатгалын тогтолцоонд эрх зүйн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг гишүүд хэлж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.