Нөхөн тооцох хуулийн бүртгэл 60 хувьтай байна
МҮОНТВ-ийн зочноор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн талаар ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тоолох журам 2013 оны наймдугаар сарын 1-нд дуусгавар болох байсан ч 10 дугаар сарын 1-нийг хүртэл дахин сунгасан. Яагаад сунгах болсон бэ?
-Олон иргэд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцох хуулийн үйлчлэх хүрээнд багтаж бүртгэлээ хийлгэж амжаагүй гэсэн өргөдөл гомдлууд маш их ирсэн. үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр ярилцаад хугацааг сунгах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ энд хоёр янзын нөхцөлийг зааж өгсөн.
Нэгдүгээрт найман сарын нэгнээс өмнө багтаж бүртгүүлсэн иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох бүртгэл, тэтгэврийн холбоотой орох өөрчлөлтүүдийг 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж тооцож хэрэгжүүлэхээр, найман сарын нэгнээс хойш бүртгүүлж буй иргэдийн хувьд 2015 оны нэг сарын нэгнээс эхэлж тооцохоор тушаалд зааж өгсөн.
-Энэ хуульд ямар иргэдийг хамруулахаар заасан бэ?
-Ямар хүмүүст энэ хууль үйлчлэх вэ гэдгийг маш тодорхой энгийн хэлбэрээр оруулж өгсөн. Ингэхдээ 1990-1995 онд ажилласан жил нь тасарсан, тухайн үед өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жилийг
ямар нэгэн нөхөн төлбөргүйгээр шууд ажилласнаар тооцож нөхөн тооцож бичилт хийхээр, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэдийн шимтгэл төлөлтийг өөрийн төлөх 10 хувийг төлүүлсэнээр нөхөн тооцохоор хуулийг боловсруулсан.
-Энэ хуульд хэр олон иргэн хамрагдах тооцоо байгаа вэ. Одоо ажил хэдэн хувьтай байна вэ?
Нөхөн тооцох тухай хууль
-Бид хуулийг боловсруулах явцдаа хуульд хамрагдах магадлалтай иргэдийн тооцоо судалгааг багцаагаар гаргасан. Судалгааны явцад ойролцоогоор 700-аад мянган иргэн хамрагдах боломжтой гэсэн тооцоо гарсан.
Хуулийн хугацаанд бүртгэл дуусахад 387 мянга 574 иргэн бүртгэлд хамрагдсан. Энэ нь бидний урьдчилсан тооцоо судалгаатай харьцуулахад 60 орчим хувь нь хамрагдсан тоон үзүүлэлт байгаа.
Хуулийн хугацаанд бүртгэл дуусахад аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд маш олон хүн бүртгэлд хамрагдаж чадалгүй таслагдсан. Дээр нь маш олон иргэн гомдол санал гаргасан.
Нэг л удаа үйлчлэх хуулийн хүрээнд хамрагдаж чадахгүй хоцорно гэдэг бол тухайн иргэнд ихээхэн хохиролтой. Тэтгэвэрт гарах нь тухайн хүн насны болоод биологийн эрсдэлд орж буй нэг хэлбэр.
Ирээдүйд хүн бүр энэ эрсдэл рүү очно. Эрсдэл учирсан тохиолдолд тухайн иргэний эрсдэлийг арилгах, хамгаалах, тэтгэврийн даатгалд хамрагдах нь хүний хувьд маш чухал асуудал.
Тэгэхээр нэг ч гэсэн иргэнээ орхигдуулахгүйн тулд хугацааг сунгасан. Нөгөө талаараа хууль хэрэгжих явцад маш олон удаа төвийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдэж, анхааруулж байсан ч иргэд идэвхигүй хандсан. Одоо сунгаад, боломжтой байгаа үед нь иргэдийг идэвхитэй хамрагдаарай гэж хэлмээр байна.
-Хэзээнээс энэ хуулийг баталгаажуулж эхлэх вэ?
-Наймдугаар сарын 1-нээс бүртгэлд хамрагдсан иргэдийн тэтгэврийн хувь хэмжээг өөрчлөх бүх асуудлууд 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс тооцогдон хэрэгжиж эхэлнэ.
Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хувьд нийгмийн даатгалын байгууллагууд нээлттэй.
Ирэх оны төсөв дээр нэмэгдэл эх үүсвэрт шаардлагатай 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгахаар саналаа боловсруулж оруулж байгаа. Хуулийн хугацаанаас хойш хамрагдсан иргэдийн хувьд 2015 оны эхнээс эхлээд хамрагдана.
-Гадаадад монгол улсын ААН, албан байгууллага, төлөөлөгчийн газар их байдаг. Энэ төлөөлөгчийн газар ажиллаж байсан хүмүүсийн ар гэрийнх нь хүн ажилгүй байсан бол нөхөн тооцуулж болох уу?
-1990-2000 оны хооронд хамрагдаж байгаа бол нөхөн тооцуулах өргөдлөө гаргаж болно. 2000 оноос хойш боломжгүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хувьд нийгмийн даатгалын байгууллагууд нээлттэй байгаа.
Цахим сүлжээгээр дамжуулан сайн дурын даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Хуулийн боломж, заалт байсаар байтал манайхан хамрагддаггүй. Өнгөрсөн хойно нь нөхөн тооцуулах өргөдлөө маш олон иргэд гаргадаг.