С.Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгаж, тасарсан жилийг нөхөн тооцох боломж нээгдэж байна
2012.03.29

С.Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгаж, тасарсан жилийг нөхөн тооцох боломж нээгдэж байна

  УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

- Тэтгэврийн зөрүүг арилгах талаар та хуулийн төсөл өргөн барьсан. Юуны учир ийм хууль санаачлах болов?

- Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд олон мянган ахмадууд маань өөрсдийнхөө авч байгаа тэтгэврийн хэмжээг бага байна. Тэтгэвэрт ялгавартай хандлаа хэмээн төрд гомдсон уур амьсгал тэдний хувьд огт тасраагүй. Одоо ч үргэлжилж байгаа. Нийгмийн даатгалын асуудлыг хариуцаж ажиллаж байсны хувьд тэр зовлонг би сайн мэдэрч ойлгож явдгийн хувьд хуулийн зохицуулалт хийх арга замаар асуудлыг шийдвэрлүүлэхээр зорьсон. Олон ч сайхан ахмадуудтай биечлэн уулзаж, нэлээд судалгаа явуулж дүгнэлт хийж ажилласан. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д би орж ирээд хоёр жил шахам энэхүү хуулийн төслийг боловсруулж, судлагаа явуулж, багагүй цаг хугацаа зарцуулж, ажилласан шүү дээ. Та нар боддоо. 1995 оноос хойш 17 жилийн турш тэтгэврээ нэмүүлчих юмсан гэсэн гомдол тээсэн тэр олон ахмадууд маань ийм гомдол цөхрөлтэйгээр хорвоог орхиж явсан. Тэр тусмаа ахмад, өндөр настангуудаа гомдоосон төр, засгийн ажил яаж өөдтэй өнгөтэй явах юм бэ. Олон түмнийг цөхрүүлсэн, асуудлыг шийдвэрлэхгүй удаах нь хэнд ашигтай юм бэ. Хэнд ч ашиггүй. Эрт орой хэзээ нэгэн цагт төр засгийн газраас уг асуудлыг гарцаагүй шийдвэрлэх л болно. Тийм ч үүрэгтэй. Ийм л утга санаагаар уг хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн.

- Хууль хэрхэн төрөв. Хүндрэлтэй асуудал нэлээд яригдсан шүү дээ ?


- 2011 оны тавдугаар сард 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу 1995 оноос өмнөх цалин хөлсний тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг санаачилж төслийг өргөн барьсан. Харамсалтай нь тухайн үеийн Байнгын хорооны даргын зүгээс тодорхойгүй шалтгаанаар уг хуулийг хэлэлцэх асуудлыг гацаасан.Гэтэл сонирхолтой нь 2011 оны 11-р сард нөгөө Байнгын хорооны дарга маань өөрөө нэр бүхий гишүүдтэй хамтраад миний өргөн барьсан хуулийг үг үсгийн зөрүүгүй хуулбарлаад хуулийн төсөл хэмээн өргөн барьдаг байгаа. Би хуулийн авторын хувьд маргаан үүсгэж болохоор байсан ч маргахын оронд хууль батлагдах нь чухал байсан учраас маргаан үүсгээгүй. Ингээд энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцүүлгийн шатанд явж байгаад намрын чуулганаар хараахан батлагдалгүй хэлэлцүүлэг дээр үлдсэн байсан. Саяхан хуралдсан ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг заавал оруулах нь зүйтэй гэсэн байр сууриа АН-ын бүлэг дээр албан ёсоор илэрхийлсэн. Бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлсэн. Хууль маань ингэж батлагдлаа.

- Хууль маань батлагдчихлаа. Ямар ямар гол асуудлыг хуульд тусгав ?


- Хууль батлагдсанаар нийтдээ 168 мянган иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах боломж сая нээгдэж байгааг зориуд онцолж хэлмээр байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянга орчим тэтгэвэр авагчид, 1995 оноос өмнөх цалин хөлсөө тогтоолгуулж тэтгэвэрт гарсан 80 гаруй мянган иргэдэд энэ хууль үйлчилнэ.

- Мөнгөн санхүүгийн эх үүсвэр нь байгаа юм уу?


- Эх үүсгэвэргүй хууль бол хууль биш. Өнөөдрийн байдлаар 2012 оны улсын төсөвт 220-иод тэрбум төгрөгийг тэтгэвэртэй холбоотой асуудлуудыг санхүүжүүлэхээр батлагдсан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянган иргэний тэтгэврийн зөрүүг арилгахад 23 тэрбум орчим төгрөг, 1995 оноос өмнө цалин хөлсөө тооцуулж тэтгэвэрт гарсан иргэдийн зөрүүг тооцоход 20 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалт шаардлагатай гэж үзэж байгаа. Үндсэндээ тэтгэврийн зөрүүг арилгахад 40 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан. Энэ нь төсөвт хангалттай сууж өгсөн. Санаа зовинох асуудал биш болсон. Хууль бол хууль.

- Цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжиж эхлэх бол?

- Ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүг энэ оны тавдугаар сарын нэгнээс хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Энэ хууль батлагдсанаар хийж бүтээдгээ бүтээгээд насныхаа эцэст гавъяаныхаа амралтыг эдэлж суугаа ахмадуудад нэлээн том бодит дэмжлэг болж байгаа юм. Дунджаар нэг хүнд яг тэдэн төгрөгөөр тэтгэвэр нь нэмэгдсэн гэж хэлэх боломжгүй. Учир нь хүн бүрийн эрхэлж байсан ажил, албан тушаал, ажилласан жилийн хугацаа, авч байсан цалин нь харилцан адилгүй байдаг. Судалгаанаас харахад дунджаар 20-70 мянган төгрөгий хооронд мөнгөн зөрүүг арилгахаар тооцоо харагдаж байгаа юм. Зарим тохиолдолд 100 гаруй мянган төгрөгний зөрүүг арилгаж байгаа ч энэ нь маш цөөн. Ер нь 1995 оноос тэтгэвэрт гарсан, 1995 оноос өмнөх цалин хөлсөө тогтоолгосон иргэдийн 80- 90 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу 105 мянган төгрөгний тэтгэвэр авч байгаа. Энэ бол үнэхээр тааруухан үзүүлэлт л дээ. Энэ зөрүүг арилгахад нэгдүгээрт ямар ч байсан ахмадуудын гар дээр очдог мөнгө нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт Үндсэн хуулийн хувьд жишээ нь эрхэлж байсан ажил албан тушаал, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон тэрхүү заалт биелэгдэх боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл 1995 оноос өмнө, хойно гэж иргэдээ ялгаварласан хуулийн зөрчил арилж байгаа нь томоохон үзүүлэлт болж байгаа юм.

-Ажил хөдөлмөр эрхэлж байгаад жил тасарсан гэсэн гомдол газар сайгүй яригддаг. Жил тасарвал тэтгэвэрт гарна гэж байхгүй л дээ. Та үүнийг бас зохицуулах хууль өргөн мэдүүлсэн гэсэн. Энэ тухай тодруулж өгөхгүй юу?


-За тийм ээ. УИХ-ын даргад “ Иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийн гол үзэл санаа нь юу юм бэ гэж та асууж байх шиг байна. 1990-1995 онд нэг нийгмийн байгуулал нөгөөгөөр солигдох түүхэн шилжилтийн цаг үе байсан. Бүр тодруулбал: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Олон зуун аж ахуйн газрууд татан буугдаж хаалгаа барьсан. Үүнээс шалтгаалаад олон мянган хүн ажилгүй болсон. Гэхдээ тэр хүмүүс ажилгүй болсон ч гэсэн зүгээр гэртээ суугаад байгаагүй юмаа.Та бүхэн сайн мэдэж байгаа. Тухайн үед хүн бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлж зах зээлд зохицож амьдрах гэж чадлынха хэрээр ганзагын наймаанд хилийн дээс алхаж “гахай” зөөсөн. Үүргийн наймаанд мордоогүй, ганзагын наймаа, гахай зөөгөөгүй хүн ер нь ховор. Тухайн үеийн ганзагын наймаачдын нуруун дээр Монголын эдийн засаг тэр чигээрээ тогтож байсан шүү дээ. Энэ утгаараа тэр хүмүүс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн. Наймаачдын хөдөлмөр зүтгэлээр дэлгүүр хоршоо, лангуунууд тэр чигээрээ бараагаар дүүрч байсан. Тэр хугацаанд ажилласан жил нь тасарсанд тооцогдоод байгаа. Тэдний өөрсдийнх нь гэм буруугаас биш нийгмийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Тухайн үеийн нийгмийн өөрчлөлтөөс болж тэр хүмүүсийн ажилласан жил нь тасарсан. Тийм учраас үүнийг шилжилтийн үе гэж үзээд хуулийн зохицуулалт хийж, иргэддээ төр хүнлэг хандах ёстой гэж үздэг. Тухайн үед ажилласан жил нь тасарсан 240-өөд мянган хүн байгаа. Үүнийг төр нөхөн тооцох ёстой юм. Нэг үгээр хэлбэл 1990-1995 онд эдгээр хүмүүс бол улсдаа ажилласан гэдэг ямар нэгэн баталгааг төр гаргаж өгөх ёстой. Ингэснээр тэр хүмүүс төрөөс гаргасан батлагаагаар тэтгэврээ тогтоолгохдоо тасарсан таван жилийг ажилласанаар тогтоолгох эрхтэй болох юм. Энэ бол Монголын төрөөс иргэддээ үзүүлж байгаа асар том дэмжлэг юм. Нийгмийн шилжилт хөдөлгөөний үеэр гарсан тэр эрсдлийг төр өөрөө хариуцаж байгаагийн том хэлбэр. Ардчилсан хувьсгал тайван замаар явагдсан гэж ярьцгаадаг. Гэтэл бүхэл бүтэн нийгмийн өөрчлөлтийн нэг хэлбэр нь иргэдээ ажилгүй болгож, эрсдэлд унагаасан.

-Иргэд тасарсан жилээ яаж нөхөх болж байна?


-Энэ хуульд хамрагдах хүмүүсийн ажилласан жил нь тасарсан гэж үздэг. Гэтэл өөрөөс нь шалтгаалаагүй. Амьдрахын тулд янз бүрийн ажил хөдөлмөр тасралтгүй эрхэлсэн байдаг. Харамсалтай нь нийгмийн даатгалд хамрагдаагүй. Хамрагдах боломжгүй ч байсан цаг үе юм. Тэр үеийн ажилласан жил нь тасарсан гэх үндэслэлээр бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй болцгоосон хүмүүс байгаа. Хууль эрх зүйн зохицуулалт ч байхгүй. Миний өргөн барьсан хуульд тасарсан гээд байгаа жилийг ажилласнаар тооцохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн тооцож, ажилласнаар бүртгээд тэд өөрсдөө Нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлнө гэсэн үг.Энэ бол эхний заалт нь. Хоёр дахь заалт нь: 1995-2000 оны хооронд Нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлүүлэхээр хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянгн төгрөг байсан байлаа гээд үзэхэд сардаа 10 800 төгрөг, жилийн 130-аад мянган төгрөгийг тэд нөхөн төлнө. Нийгмийн даатгалд даатгуулагчийнхаа 10 хувийг нөхөн төлөөд тэтгэвэртээ гаръя гэхэд хуулиар нөхөн тооцохыг хориглосон байдаг. Тэгвэл 1995-2000 оны хооронд эдгээр иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа юм. Өргөн барьсан хуулийн энэ хоёрхон заалтанд 900-аад мянган хүний ажилласан жил тасраагүйд тооцогдож, ажилласан жил нь 5-10 жилээр нэмэгдэх бодит боломж байгаа юм. Ингэснээр тэд бүрэн тэтгэвэр тогтоолгох, насны эцэст эрсдлээ хамгаалуулах боломжийг тэдэнд төрөөс нээж өгч байна гэж ойлгох хэрэгтэй.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.