Н.Учрал: Эхний ээлжид хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эхлүүлж байна
УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.10.26

Н.Учрал: Эхний ээлжид хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эхлүүлж байна

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар тодрууллаа.


Үндэсний Шуудан сонин, Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш

-Цахим бодлогын түр хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

-Төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод болгохын тулд байгууллага бүр төсөл хөтөлбөр, программ хангамж нэвтрүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд цахим шилжилт хийхийг оролдсон. Гэтэл төрийн үйлчилгээ шуурхай болсон нь иргэдэд мэдэгдэхгүй, төрийн албан хаагчийн тоо буураагүй байна. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулаагүйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, байгууллагуудын ашиглаж буй программ нь шинэчлэх боломжгүй, өөр байгууллагын программтай нийцэхгүй, албан ёсны лиценз байхгүйтэй холбоотой байдаг.

Үүнийг цэгцлэхийн тулд Цахим бодлогын түр хорооноос дөрвөн ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Төрийн байгууллагуудын цахим шилжилтийн талаар Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөх тогтоолын төсөл болоод хууль эрх зүйн орчныг судалж, сайжруулах үүрэгтэй ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүн ахалж байгаа.

Мөн аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх, төрийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Гурав дахь нь мэдээллийн аюулгүй байдал болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс гадна олон нийтийн сүлжээнд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан.

-Олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Хүүхдийн эрхийг зөрчсөн, тэдэнд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?

-Эхний ээлжид бид олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эхлүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэж байгаа. УИХ-ын даргаас тодорхой үүрэг өгсний дагуу хүүхдийг тэдний эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хамгаалах тухай бие даасан хууль гаргахаар ажиллалаа. Хуулийн төсөл бэлэн болж, хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Бид АНУ, Австрали, Герман зэрэг улсын хуулийг төслийг судалж, харьцуулалт хийсэн.

Ерөнхийдөө олон улсын гэрээ, конвенцтой нийцсэн, шинжлэх ухаанч хууль болох нөхцөл бүрдсэн гэж болно. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсны дараа Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд, залуучуудын газар хэрэгжилтэд нь хяналт тавина. Ерөнхийдөө олон хуульд олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар тусгасан ч нэгдсэн зохицуулалт байгаагүй. Харин энэ хуулийн төслөөр нэгдсэн зохицуулалттай болгож, хүүхдийн эрхийг зөрчсөн, тэдний хөгжилд сөргөөр нөлөөлсөн мэдээллээс хамгаалах олон чухал зохицуулалт оруулж байгаа.

Тухайлбал?

-Харилцаа холбооны зохицуулах хороо буюу хэвлэл мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны операторуудад хяналт тавьдаг төрийн байгууллага бий. Энэ байгууллага хүүхэд хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах ёстойг хуульчилж байгаа юм.

Мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хүүхэд үзэх боломжтой, боломжгүй гэж ангилна. Ингэхдээ телевизэд л гэхэд хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх, тэдэнд зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэх тодорхой хугацаатай байхыг үүрэг болгох юм. Мөн ном, сурах бичгийн зохиогч нарт ч хандаж, бүтээлийг нь насны ангилалтай болгоно.  Харин хүүхдийн эрх зөрчсөн асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд Гомдол, маргаан хянан шийдвэрлэх зөвлөл байгуулж шийдвэрлэх юм.

Уг зөвлөлийг цагдаа, олон нийт, хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Тэнд мэргэжлийн шинжээчийн баг ажиллуулж, үнэхээр хүүхдийн эрх зөрчигдсөн үү, үгүй юү гэдгийг шинжлэх юм. Үүнээс гадна үүрэн телефоны операторуудад утасны дугаар үнэгүй тараахаа зогсоохыг үүрэг болгоно. Утасны дугаар бүрийг эзэнтэй болгоно. Үндсэндээ соён гэгээгүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага болоод боломжит бүх байгууллагатай хамтарч хийхгүй бол үр дүнгүй юм байна. Тиймээс хуулийн төслийг боловсруулсан.

-Олон нийтийн сүлжээнд 5000-аас дээш дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох тухай ярьсан. Фэйсбүүк, твиттер бол хувь хүний орон зай. Үүнийг мэргэжлийн редакциудтай дүйцүүлэх нь зохимжгүй юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн асуудал руу хэт орлоо гэж үзэж байх шиг байна. Өдөрт 10 хүн ордог сайт, 10 мянган дагагчтай жиргээч хоёрын нөлөөллийн ялгаа асар их байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллага гэхээс илүүтэй сошиал орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа шүү дээ. Сүүлийн хоёр жилд гэхэд цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол хоёр дахин нэмэгдсэн гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа гарсан байна лээ. Сошиал орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Цахим орчин дахь гэмт хэргийн тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөн гэдгийг цагдаагийн байгууллага мэдээлсэн. Бидний мэдэхгүй олон гэмт хэрэг цахим орчинд үйлдэгддэг юм байна. Мэдээлэлд дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа учраас хүүхэд гэмт хэрэгт өртөх нь их байна. 

Тиймээс цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүй болон хувь хүний сэтгэгдлийг зааглах ёстой юм. Үүнд мэргэжлийн сэтгүүлчид ч үлгэрлэж, манлайлах нь зөв.

-Цахим гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа. Хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ?

-Хууль, журам хангалттай бий. Гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Фэйсбүүкээр залилуулсан бол залилангаар зүйлчлэгдэнэ. Харин цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирэхэд фэйсбүүкийн төвөөс мэдээлэл авахад хугацаа их шаардагдахаас гадна хэрэгт холбогдсон аккаунт нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

“Фэйсбүүк” компанийн төлөөллийг манай улсад ирэхэд бид хэд хэдэн санал тавьсан. Энд гомдол, хянан шийдвэрлэх зөвлөлөөрөө асуудлыг шийдвэрлэж, үндэслэлтэй гэж үзвэл “Фэйсбүүк” компанийн Азийн төв рүү ханддаг байх талаар ярилцсан.