Монголбанктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2018.09.28

Монголбанктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/ Монголбанктай “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан нар гарын үсэг зурлаа.

Мэргэжлийн байгууллагууд Монгол улсын хэмжээнд санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгчдийн бүртгэл, тайлагналын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтний чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран оролцох зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан юм. 

 ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан санамж бичиг байгуулах үеэрээ, “Манай институтийн хувьд нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг Монгол улсад нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд анхаарч, төрийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Харин өнөөдөр Монголбанктай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Санамж бичгийн дагуу бид олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн тайлагналыг сайжруулах, банкны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Бид бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж ажилласнаар улс орныхоо эдийн засаг, санхүүгийн орчинг улам төгөлдөржүүлж, хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна.” гэсэн бол Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “2016 оноос Монголбанк иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Энэ хөтөлбөр цаашид ч тасралтгүй үргэлжилнэ. Санамж бичгийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс иргэдэд хэрэгцээтэй санхүүгийн тайлагналтай холбоотой сургалтыг зохион байгуулах гэж байна. Санхүүгийн ил тод байдал, зөв тайлагнал бол хамгийн чухал.” гэв. 

 “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр тал дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 

-Үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, тэднийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тус тусын цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчилж байх; 

-Санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах; 

-Санхүүгийн боловсролын чиглэлээр туршлага судлах дотоодын болон олон улсын сургалтад хамрагдах; 

-Хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчдийг санхүүгийн тайлан гаргах арга зүйг эзэмшүүлэх, тэдний нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг стандартад нийцүүлэх; 

-Арилжааны банк болон мэргэжлийн оролцогчдын бүртгэл, тайлагналын гарын авлага, стандартын хэрэглээний тайлбар, арга аргачлал боловсруулах; -Банкны системд ажиллаж буй нягтлан бодогчдын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэх зорилгоор мэргэшүүлэх зорилгоор мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон захиалгат сургалтуудыг зохион байгуулах; 

-Банкны санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой олон улсын стандартыг орчуулж, нэвтрүүлэхэд хамтран ажиллах; -Банкны нягтлан бодогч, аудиторын баримтлах стандарт, дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд Монголбанкнаас санал, мэдээлэл авч байх зэрэг гол гол ажлуудыг хэрэгжүүлэх юм.