Хандлагаа өөрчилье!
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүшингийн Хэрэглэгчийн төлөө улсын анхдугаар зөвлөлгөөн дээр хэлсэн үг
Сайн байцгаана уу?
Та бүхэнд Засгийн Газрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье!
Эх орны өнцөг булан бүрээс 600 гаруй төлөөлөгч ирж, оролцож байгаа энэхүү Улсын зөвлөлгөөнийг сайн зохион байгуулж, хамгийн гол асуудлуудаар оновчтой бодитой шийдвэр гаргаж чадвал Монголын ард түмэнд их ач тустай хэрэг болно.
Энэ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг төрийн чиг үүрэг болгосноос хойш 10 жилийн дараа анх удаа болж байгаа арга хэмжээ юм.
Ийм хурлыг ойрхон ойрхон хийж чадахгүй. Тийм учраас халуун ам бүлээрээ бүрэн цугласан дээрээ бид, ер нь юу хийв, хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж чадав уу, юун дээр алдав, цаашид яах вэ гэдэг асуудлуудаа ний нуугүй, илэн далангүй ярьцгаах нь чухал байна.
Ерөнхий юм ярьсан, хэт дэглэсэн, албархуу уйтгартай арга хэмжээ битгий болгоосой гэж хүсч байна. Ингэж бодож байгаа учраас би ч тодорхой асуудлыг шууд хөндөж ярья. Энд унш гэж надад бэлтгэж өгсөн илтгэл байгаа. Гэхдээ тогтсон дэг журмыг жаахан өөрчилье.
Юуны түрүүнд, “Хэрэглэгч бол хаан” гэсэн гоё үг, лоозунгоо бодит ажил болгоцгооё! гэж хэлмээр байна. Одоо ерөнхийгөөс тодорхой руу, хэлбэрээс агуулга, чанар руу шилжих цаг болсон. Үнэхээр, “Хэрэглэгч хаан” мөн юм бол тэдэнд гоё бичигтэй, алтан шаргал өнгөтэй цаасан малгай биш, харин тэр жинхэнэ хааны титэмийг нь өмсгөмөөр байна.
“ Хэрэглэгч бол хаан” гэсэн тод үсэгтэй том самбар энд тэнд өлгөчихөөд, түүний цаана хортой хүнс, хугацаа нь дууссан бараа , хуурамч эм шатахуун , хэмжээ, нормдоо хүрдэггүй байр сууц, хууль бус үйлчилгээ, хонжоо ашиг хайсан хэт өндөр үнэ тариф, хохирлын төлөө хүлээх хариуцлагыг үл тоомсорлох, шударга бус үйлдэл, бас заль мэх, хуйвалдаан үгсэл, тохиролцоо, хуулийг гуйвуулсан элдэв тайлбар бүгд байна. Эдгээр нь яах аргагүй хэрэглэгчдийн дайсан мөн.
Салбар зөвлөлүүдийн тайлан хэвлүүлж, тараасан бусад материалуудаас үзэхэд, элдэв санал солилцох уулзалт, гар хөлийн үсэг зурсан санамж бичиг, гэрээ, гадагш дотогшоо хийсэн айлчлал, ийш тийш илгээсэн бичиг цаас, энд тэнд зохион байгуулсан хурал семинар зэрэг хэлбэрийн болон тоон үзүүлэлтүүд голлож байна. Эдгээр ажлыг би огт үгүйсгэхгүй ч байсандаа илүүдэхгүй, байхгүйд үгүйлэгдэхгүй л зүйлс гэж хэлмээр санагдана. Гол нь оновчтой, тодорхой ажлууд, бодитой үр дүн илүү чухал байна.
Хоёрдугаарт, Хандлагаа өөрчил, бодитой ажлуудыг тодорхой хий гэж. Намайг ийнхүү шаардахаар Та бүхний зарим нь” хүн хүч, төсөв санхүүжилт муутай, аймаг орон нутагт салбар байхгүй хуулиар олгосон эрх мэдэл хязгаарлагдмал юм чинь яах билээ дээ, зовлонтой шүү дээ Шадар сайд минь гэж бодож суугаа байх. Тэр бол үнэний хувьтай.
Миний хариуцдаг 4 газар, агентлагаас ганцхан шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар орон нутагт салбар нэгжгүй, ихэвчлэн орон тооны бус бүтэц дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ хийе, бүтээе гэвэл аргаа олдог, халширч зүрхшээсэн хүнд шалтаг хангалттай олддог гэсэн үг бас бий.
Хэрэглэгчдийн амьдралд өнөөдөр тулгарч байгаа дээрх бүх бэрхшээл, зовлон, тулгамдсан асуудлуудыг ганцхан энэ байгууллага шийдэх ёстой гэж хэн ч хэлэхгүй. Тийм боломж ч байхгүй.
Хамгийн гол нь хэрэглэгчид эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, сурч, амьдрахад нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг онож олж барьж авч, эрэмбэ дараалал тогтоож, тодорхой төлөвлөгөө гарган, хамтран ажиллах болон шахах механизмыг хослуулан үе шаттайгаар бодит ажил болгох тухай энд ярьж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөөх тэмцэлд манлайлагч бай! Ноцтой асуудал үүссэн үед харанга дэлд!
Та бүхний анхаарлыг хандуулах өөр нэг асуудал бол яамд, агентлаг , засгийн газрын бусад байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй үйл ажиллагаагаа уялдуулж нягт хамтран ажиллах тухай юм.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар хамтарч ажиллая гэхэд үгүй гэх хүн байхгүй гэж бодож байна. Харин ямар асуудал дээр яаж вэ? гэдэг тухайд ойлголцох шаардлагатай байх.
Юуны түрүүнд,
Шадар сайдын удирдлагад байдаг Онцгой Байдал, Мэргэжлийн Хяналт, Стандарт Хэмжил Зүйн байгууллагуудтай маш ойр ажиллахыг үүрэг болгож байна. Ингэж чадвал дээрх байгууллагууд би биенийхээ дутууг нөхсөн, харилцан хүч нэмсэн амьд органик бүтэц болно. Эс чадваас хэсэг байгууллагын механик бөөгнөрөл болно.
Жишээ нь: Мэргэжлийн Хяналтын байгууллага л гэхэд Монголд үйлдвэрлэж байгаа болон гадаадаас орж ирж байгаа хоол, хүнс, гутал хувцас, эм тариа, гоо сайхны зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүн , мөн барьж буй олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг эмнэлэг, орон сууц, бусад дэд бүтцийн обьектуудад хяналт тавьдаг. 2000 гаруй хүнтэй том бүтэц юм. Энэ армитай хүчээ хамтатгах юм бол хэрэглэгчдийн сэтгэлийг зовоосон олон асуудалд хариу өгч чадна. Жишээ нь: Хүнсний ногоо, будаа, чихэр гээд хүчиллэг хүнсийг хэрэглэдэг Монголчуудын хувьд, нэг үеэ бодвол ногоо, жимс зэрэг шүлтлэг хүнс өргөн хэрэглэдэг болсон нь дэвшил мөн боловч тэдгээрийг ямар бордоогоор, яаж ургуулж, хаана хэрхэн хадгалж тээвэрлэсэн, хүний эрүүл мэндэд эерэг сөрөг ямар нөлөө үзүүлж болзошгүй вэ гэх асуудлуудыг нарийвчлан судалж, шинжлэн тогтоох явдал тун чухал. Тэгэх тусмаа манайхан ашиг унагахын тулд хамгийн хямдханыг нь авчирч байдгийг бид мэднэ. Энэ асуудал дээр гэхэд Мэргэжлийн хяналт, Хэрэглэгчийн төлөө агентлаг хоёр үйл ажиллагаагаа уялдуулж чадвал бодитой үр дүн гарах нь дамжиггүй.
Энэ жил Стандарт Хэмжил зүйн газар улсын хэмжээнд стандартын үзлэг явуулж байгаа зарим үзлэгийн дүн ч гарч байна. Тухайлбал, импортоор орж ирж буй болон дотоодод үйлдвэрлэж буй шахмал модон эдлэлийн стандарт ямар байгаа талаар хэдхэн хоногийн өмнө төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллээ. Ийм төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой стандарт Монголд 165 байдаг гэнэ. Эдгээр нь үндсэндээ физик хэмжигдэхүүний, жишээ нь дунд сургуулийн сурагчийн сандал, ширээний урт , өндөр өргөн төд байх ёстой гэсэн стандартууд мөн болохоос, эрүүл ахуйн талаас нь тогтоосон стандартууд алга байна гэж дүгнэжээ. Шахмал хавтанг ямар цавуулаг бодисоор хийх дэг, сөрөг нөлөөтэй бодисын орцын дээд хязгаар хэд байх ёстой зэргээр тогтоосон стандарт нэн тэргүүнд шаардлагатай ажээ.
Хөгжилтэй орнуудад аль хэдийн хэрэглэхээ больсон формальдегид, фенол гэх мэт хортой цавуулаг бодисын өндөр орцтой шахмал хавтан манайд хэр хэмжээтэй хэрэглэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, эрүүл ахуйн талаас нь харсан стандартуудыг тогтоогоод дараа нь эмнэлэг, сургууль, нийтийн орон сууц зэрэг газруудад үзлэг хийж бодит байдлыг илтгэвэл их л буянтай ажил болно гэж бодож байна. Энэчлэн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөлмөр нийгмийн хамгааллын зэрэг яамд, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтын газруудтай нягт холбоотой ажиллах нь тун чухал юм.
Онцолж ярих бас нэг зүйл бол эцэг эх, хүүхдүүд рүү чиглэсэн ажил юм. Манайхан “Хүүхэд- хэрэглэгч” гэдэг гоё нэрийг олсон байна. Харин энэ хүрээнд тодорхой ажлууд хиймээр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хямдхан хаамер, хуванцар тоглоомнууд хэдэн саяараа импортлогдож, худалдаалагдсан. Хүүхдээ уйлангуут нь өнөөх тоглоомуудаа гарт нь бариулчихдаг. Нялх үрс маань тэдгээрийг өдөржин барина, хазна долооно, хүлхэнэ. Энэ тун аюултай шүү гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулаад байна. Хожим ямар ноцтой үр дагавар илэрч өвчин гарч ирэхийг хэн ч өнөөдөр ярихгүй байна. Компьютер, гар утасны зохисгүй хэрэглээ, хортой үр дагаврын тухай нэг үеэ бодвол нилээд ярьж байна. Гэхдээ нийтийг хамарсан зохицуулалт, хяналт, соён гэгээрүүлэх ажил алга.
Өөр нэг чухал асуудал бол “Сурагчдын үдийн цай” хөтөлбөр юм.
2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх үедээ би энэ хөтөлбөрийг “Мобиком” корпорациас 300 сая төгрөг хандиваар авч эхлүүлж байсан. Тийм учраас, миний бие энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлж анхаарч, байнга чих тавьж явдаг юм. Маш зөв ажил болсон гэдгийг олон нийт хэлж байгаа.
Харамсалтай нь, зарим сургуулийн захирал, бусад албан тушаалтнууд үүнийг өөрийн болон ах дүү, хамаатан садан, найз нөхдийн бизнес болгож байна. Бас түүнд байнгын хяналт тавьж чадахгүй байгаагаас хоолны хордлого төв хөдөөгийн олон сургууль дээр гарсаар байна. Эцэг эхчүүд ч олигтой анхаардаггүй.
Одоо УИХ-ын зарим гишүүд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгоно гээд санаачлага гаргаад явж байгаа. Хэрэгжих эсэхийг мэдэхгүй. Тийм учраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэглэгчийн төлөө байгууллага, түүний салбар нэгжүүд, идэвхтэн сонгуультнууд барьж аваасай гэж хүсч байна.
Төлөөлөгч нөхөд өө!
Хэрэглэгчийн төлөө байгууллагын ажлын эцсийн үр дүн хэрэглэгч олон түмний амьдралын гүнд орж чадсан, тэдний итгэл сэтгэлийг татаж, дэмжлэгийг нь авч чадсан эсэхээр тодорхойлогдоно.
Надад энд нэг статистикийн тоо үзүүлэлт байна.
2017 оны нэг улиралд тус байгууллагад 589 санал гомдол, өргөдөл, хүсэлт асуулга, лавлагаа ирсний 401 нь хэрэглэгчийн эрхтэй холбоотой байжээ. Үлдсэн 24 нь өрсөлдөөний сэдвээр, 164 нь бусад асуудлаар ханджээ. Ер нь, жил улирлын ерөнхий статистик дүн мэдээ ийм л харьцаатай байдаг юм байна. Тэгэхлээр энэ нь тус байгууллагын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлж өгч байна гэсэн үг.
Хэрэглэгчид энэ байгууллагаас их зүйл хүсч, ингэж хандаж байна.
Хэрэглэгчдийг анхааралтай сонсч, тавьсан асуудлынх нь араас идэвхтэй шаргуу хөөцөлдөж, холбогдох Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтнуудыг шахаж шавдуулж, үр дүнгээ мэдээлж, зааж зөвлөж, соён гэгээрүүлж, дотны нөхөр нь болж, ингэснээрээ тэдний дэмжлэгийг авч чадаж байвал төрд ийм байгууллага байгуулсны зорилго биелэх нь тэр. Хандлагаа өөрчилж ажлаа тодорхой болгож, хүчээ нэгтгэж, хэрэглэгчдээ жинхэнэ ёсоор хаан сууринд нь тавьцгаая !