Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг хангах ажлын хэсэг байгуулна
УИХ-ын гишүүн Н.Учрал
2018.09.27

Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг хангах ажлын хэсэг байгуулна

УИХ-ын гишүүн Н.Учрал цахим бодлогын түр хорооны даргаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзжээ.

Уулзалтад Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын өнгөрсөн хаврын ээлжит чуулганаас “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталж, УИХ-ын бүтцэд 26 гишүүнтэй түр хороог байгуулсан талаар дурдаад энэхүү түр хороо нь салбарын мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн холбоотой нягт хамтран ажиллаж, мэргэшсэн хүмүүсийн үгийг сонсон, ажил хэрэг болгоход анхаарах зорилгоор чөлөөт уулзалт зохион байгуулж байгааг онцолсон байна. Мөн  Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөөний төслийг гаргасан бөгөөд түр хороогоор хэлэлцэж батлахаасаа өмнө уг төсөлдөө салбарын мэргэжлийн холбооны саналыг тусгах зорилготой байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал, Цахим бодлогын түр хороо нь төрийн албанд хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоог, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн тал дээр хяналт шалгалт, үнэлгээ хийх аж. Түүнчлэн төрийн албаны цахим шилжилттэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэх санал боловсруулах зэрэг төлөвлөгөөг тусгасан байна. Олон нийтийн сүлжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зэргээр хийх ажлын төлөвлөгөөний төслөө гаргажээ.