Д.Очирбат: Гадаадад эмчлүүлэх иргэдийн зардлын тодорхой хувийг төр хариуцна
2011.07.26

Д.Очирбат: Гадаадад эмчлүүлэх иргэдийн зардлын тодорхой хувийг төр хариуцна

УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнтэй холбоотойгоор эмч нар нэлээд бухимдсан. Бидэнд хатуу хариуцлага хүлээлгэх гэж байна гээд байх шиг байснаа сүүлдээ гайгүй болчих шиг болов. Энэ асуудлаар мэргэжил нэгтнүүдтэйгээ (Д.Очирбат эмч мэргэжилтэй) уулзаж ярилцав уу?

-Хариуцлагыг өндөржүүлсэн нь мэргэшлийн ур чадвар тааруу, хариуцлагаас мултрах гэсэн зарим хүнд таалагдаагүй бололтой. Тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнуудад алдах эрх байх ёсгүй. Барилгачин, инженер барилгынхаа ханыг буруу өрчихвөл алдааг засаж болно. Хүний амь нас, эрүүл мэндийг харин хэзээ ч эргүүлж болдоггүй юм. Хариуцлага гэдэг зүйл энэ салбарт их, бага гэж байх учиргүй. Хариуцлагын тогтолцоог чанга болголоо гэсэн асуудлаар эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг би сонссон.
Нэлээд хэдэн эмнэлгээр явж үзлээ. Эмч, сувилагч нар хариуцлагыг чангалж өгснийг дэмжиж байна билээ. Эрх ашигт нь нийцэхгүй, тэр нь хөндөгдөж буй цөөн тооны хүн л тодорхой зорилгоор шуугиан дэгдээсэн. Тангараг өргөсөн эмч нар сайн хууль болсон, бид тангараг өргөсөн юм чинь хариуцлага сул байх учиргүй гэж ярьж байна. Хүний эрүүл мэндээр тоглож болдоггүй юм.

-Уг нь эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг нэлээд сайн шийдэж өгсөн дөө.

-Сайн хууль болсон гэж эрүүл мэндийн салбарынхан яриад байгаа шүү дээ. Эмч нарынхаа нийгмийн асуудлыг сайн шийдэж өгсөн. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг олон жил хөдөө ажиллаад "зэвэрчихлээ" гэдэг. Тэгвэл таван жил тутамд мэргэжлийнх нь чиглэлээр улсын зардлаар сургалтад хамруулдаг байхаар хуульчилсан. Халдварт өвчний голомтод ажиллаж байгаад буюу ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан бол таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг болно. Эмч нарын дундаж цалинг 350 мянган төгрөг гэж тооцвол 21 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх нь. Эрүүл мэндийн алба хаагч хамгийн эрсдэлтэй. Халдварт өвчний голомтод хамгийн түрүүнд манай салбарынхан ордог. Нойр хоолгүй ажилладаг. Гэтэл эрсдэлтэй энэ хөдөлмөрийг нь үнэлдэг байгаагүй юм.

-Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэнд зардлынх нь тодорхой хувийг төр хариуцна гэсэн шинэ зохицуулалт энэ хуулиар бий болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ?

-Иргэн хүн ноцтой өвчилсөн, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд Засгийн газраас нэг удаагийн, тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг Эрүүл мэндийн шинэчилсэн хуулиар үзүүлэхээр болсон. Өмнө нь голдуу төрийн албан хаагч, сайд, дарга нар л ийм тусламж авдаг байсныг хуулиар өөрчиллөө. Гадаадад эмчлүүлэх иргэнийхээ эмчилгээнийх нь зардлын тодорхой хувийг төр хариуцна гэсэн үг.

-Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг ирэх намрын чуулганаар батална. Даатгалын тогтолцоонд ямар ахиц гарах вэ?

-Ямар ч байсан Монголын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Ингэснээр нэг ч иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хоцрохгүй болно гэсэн үг. Орлогын эх үүсвэргүй, ядуу 480 гаруй мянган иргэн бий. Тэдний эрүүл мэндийн даатгалын зардлыг төр хариуцна. Даатгалын тогтолцоог цогцоор нь өөрчилнө. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэнээс, хаанаас авахаа иргэн өөрөө сонгодог болно. Хувь хүн даатгалын карттай болно. Үүнээс нь үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг нь төлбөрөө авдаг тогтолцоо руу шилжинэ. Төлбөрийнхөө эрх мэдлийг иргэн гартаа л авна гэсэн үг. Орлогоо алдахгүйн тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, мэргэжлийн чадвараараа өрсөлддөг орчин бүрдэнэ.

-Эрүүл мэндийн даатгалын сан ингэхэд хэний мэдэлд байна вэ. НХХЯ, ЭМЯ сангийн хөрөнгөө булаацалдаад байх шиг санагддаг.

-Хөрөнгө зарцуулах эрхийг хоёр яамныхан булаацалдаад байдаг юм. Хуулиараа эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах ёстой. Нэг худалдан авагчийн буюу зах зээлийн зарчимд нь нийцүүлэх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр шударга өрсөлдөөн бий болно. Иргэдийн  сэтгэл  зүйг ч өөрчлөх шаардлага бий. Манайхан аль болох эмийн эмчилгээ хийлгэхийг хүсдэг. Тэгвэл урьдчилан өвчнөөс сэргийлэх, даатгалын сангаас зардал гаргаагүй иргэнийг урамшуулдаг тогтолцоог бий болгоно