УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат тус байнгын хорооноос хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авсан юм.
-Өнгөрөгч чуулганы хугацаанд танай байнгын хорооноос голлох үүрэгтэй оролцсон хууль, бусад шийдвэрийн талаар танилцуулахгүй юу?
-Эрүүл мэндийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дээд боловсролын санхүүжилт,суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зэргээр суурь харилцааг зохицуулсан хуулиудыг нэрлэж болно. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиуд бий.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэх явцад УИХ дахь намын бүлгийн зүгээс завсарлага авч, санал зөрөлдөх үе нэг бус удаа гарсан. Энэ хуулиар салбарын суурь харилцааг хэр шинэчилж чадсан бол?
-Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн саналыг нэмж, нэлээд өөрчлөлт орон батлагдсан. Ажил олгогчийг дэмжих болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, аж ахуй эрхлэхэд сургалт, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх талаар хуульд тусгагдсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн эрсдэлийн болон баталгааны сан байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээгээр дэмжихийн зэрэгцээ энэ сангаас олгож байгаа жижиг зээлийн зориулалтыг тодорхой болгох, зээлийн хугацааг нэмэгдүүлэхээр тусгасан нь байнгын ажлын байрыг өргөжүүлэх, иргэдийн орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгах, болон хэмжээг нэмэгдүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон. Мөн нийтийг хамарсан үйл ажиллагааны төрөл, хэлбэр арга зүйтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн биржийн чиг үүргийг тодорхойллоо. Ингэснээрээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нэлээд асуудлыг хамарч шийдэж чадсан гэж хэлж болно.
-Эрүүл мэндийн тухай хууль ч батлагдсан даруйдаа багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Шүүмжлэлтэй хандсан хүмүүсийн хэлж байгаад ямар дүгнэлт хийх вэ?
-Эрүүл мэндийн тухай хууль нэлээд чамбай хууль болсныг эмч хүний хувьд ч, УИХ дахь бодлогын байнгын хорооны даргын хувьд ч хэлье, Зарим хүн энэ салбарт хариуцлагыг өндөржүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь энэ салбарын хариуцлагын тогтолцоог өндөр тавих ёстой. Эрүүл мэндийн салбарт стандартыг мөрдүүлэх шаардлагатай.Өнөөдөр стандартгүй,хариуцлагын тогтолцоо сул байна. Эрүүл мэндийн салбарын алдааг их, бага гэж ярих ёсгүй. Тийм учраас хариуцлага өндөр байх ёстой. Ажилдаа сайн л байвал хариуцлага хүлээхгүй шүү дээ. Би эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзсан. Тэд хуулийг шүүмжлэхгүй байгаа. Харин нэр бүхий хэдхэн хүн зохион байгуулалтайгаар тэрхүү шүүмжлэлийг босгох оролдлого хийсэн,
-Чуулганы завсарлагын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газраас 201 I оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах асуудлаар "Хөдөлмөр эрхлэлт" нээлттэй сонсгол зохион байгуулна. Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүд дээр ажиллана.
-Тухайлбал?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нарын гишүүдийн санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай гэхчлэн хуулийн төслүүд дээр ажиллах ажлын хэсгүүд завсарлагын хугацаанд ч ажиллах болно.
-Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн талаар тодруулахгүй юу?
-Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50, дөрөв бол 75, тав бол 100 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Харин зургаан хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25, долоон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 1.5, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулап олгох юм. Үүнд жилийн 30 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарсан.