Д.Очирбат: Эрүүл мэндийн салбараар улс төр хийх гэж байгаа бол хатуу ярина
2011.06.09

Д.Очирбат: Эрүүл мэндийн салбараар улс төр хийх гэж байгаа бол хатуу ярина

УИХ-ын гишүүн Д.Очирбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эмч, эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэж байна. Хуульд чухам ямар, ямар өөрчлөлт оруулсан юм бэ?
-Уг хуульд эрүүл мэндийн салбарт хийх цогц шинэчлэлийн талаар тусгасан. Мөн эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг ч хөндсөн юм. Өрхийн эмнэлэг өмнө нь хувийн, хувьсгалынх ч юм шиг байсан бол одоо төрийн ажил үйлчилгээг хэрэгжүүлдэг хувийн хэвшлийн байгууллага гээд тодорхойлчихлоо. 

Ер нь хүнийг өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь урьдчилан сэргийлж, хамгаалах нь эрүүл мэндийн байгууллагын хамгийн гол үүрэг. Гэтэл үүнийгээ хэтэрхий орхичихсон байсан. Тиймээс хуульд нийгмийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх талаар нэлээд олон заалт орууллаа. Цаашлаад өрхийн эмнэлэг, сум, сум дундын эмнэлгийн нэг иргэнд оногддог мөнгийг нэмж олгоно. Эдгээр эмнэлгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болгох талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тусгах нь зүйтэй. Ингэснээр иргэдэд гэрт нь үйлчилдэг болно. Мөн хамгийн чухал өөрчлөлтийн нэг нь иргэд эмчээ сонгож, үйлчлүүлж, бас үнэлгээ өгөхөд оршино. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын чанар, хүртээмж сайжирч, ажилчдынхаа боловсролд анхаарах гэх мэтчилэн олон асуудлыг шийдэж байгаагаараа давуу талтай.
-Хуулийн төслийг боловсруулах үед эмч нарын төлөөллийг оролцуулсан уу?
-Эмч нар Эрүүл мэндийн тухай хуульд хариуцлагын асуудлыг нэмэгдүүлсэн, хэлэлцүүлэгт оруулаагүй гэхчилэн янз бүрээр л ярьж байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Мягмар болон миний бие шинэчилсэн хуулийн чухам юу нь болохоо байчихаад байгаа талаар ярилцсан. Б.Мягмар “Хууль муу боллоо” гэж ярьж л байна. Гэтэл өөрөө ажлын хэсэгт орж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бидэнтэй хамт байсан хүн. Харин гурав дахь хэлэлцүүлэгт “Намайг оруулж, үг хэлүүлсэнгүй” гээд байгаа юм. Хуульд заасны дагуу гурав дахь хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүн болон ажлын хэсгийн гишүүд зарчмын зөрүүтэй санал оруулж болдоггүй. Үүнийг мэдсээр байж “Хэлэлцүүлэгт оролцуулсангүй” гэх юм. 

Сүүлийн үед Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд эрүүл мэндийн салбар руу их дайрдаг болж. Саяхан нэгэн эмчийг өвчтөний хуурамч түүх бичиж, 20 гаруй тэрбум төгрөг завшлаа гэж шуугьсан. Хэрэв ингэж луйвардсан юм бол тэр баримт нь хаана байна вэ. Эрүүл мэндийн байгууллагын муу муухайг гайхаж, сенсаци болгож ярих хүн ихэсчээ. Харин энэ бүхний эцэст хэн хохирч байна вэ. Энэ салбарынхан бас иргэд л хохирч байна шүү дээ. Намайг байнгын хорооны ажлаар Эрдэнэтэд очиход эмч нар “Биднийг өвчтөний хуурамч түүх бичдэг гэж их дарамталдаг боллоо. Ажлаа тайван хийх нөхцөл алга” гэж байсан. Гэтэл одоо “Хууль муу болчихлоо” гэж байна. Чухам ямар заалт нь болохгүй байна вэ гэхээр хариулж чаддаггүй.
-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос “Хариуцлагыг хэт чангарууллаа” гэж гомдоллосон. Тэд хариуцлагаас зугтааж байна гэж ойлгож болох уу?
-Ер нь аль амаараа “Төрийн байгууллага хариуцлагатай байх ёстой” гэж яриад аль амаараа “Хэтэрхий хариуцлагатай болголоо” гээд байдаг юм бэ. Хариуцлагын тухай ярихдаа хүрвэл энэ салбарынхан хариуцлага алдаж болдоггүй юм шүү. Магадгүй өөр салбарт бол багахан алдааг засч, залруулж болно. Харин эмч, эмнэлгийн ажилтны өчүүхэн алдаанаас болж, хүний алтан амь эрсдэх аюултай. Хариуцлага өндөр байх нь эрүүл мэндийн салбарынханд дарамт үүсгэж байгаа хэрэг биш. Харин ч тангараг өргөсөн эмч нарын хариуцлагыг сул тавьж, алдаа гаргахын оронд алдахаас нь урьдчилан сэргийлэх ёстой. Жишээ нь, хоёр тариа байлаа гэж бодъё. Нэг нь хүний зүрх зогсохоос өмнө хийх ёстой. Харин нөгөөх нь витамин. Гэтэл сувилагч хариуцлага алдаад зүрх нь зогсохоос өмнө хийдэг хүчтэй тариаг витамин тариулах ёстой хүнд хийчихвэл яах вэ. Энэ чинь л хариуцлага юм.
-Эрүүл мэндийн салбарын нийгмийн хамгааллыг хэрхэн зохицуулсан бэ?
-Энэ талаар их анхаарсан. Орон нутагт ажиллаж байгаа ажилчдынхаа сурч боловсрох, гадаадад мэргэжил дээшлүүлэх, мөн энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон асуудлыг тусгасан. Хөдөлмөрийн хуульд заасанчлан ажилтнуудын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нэг өдрийн нэмэгдэл амралтыг олгоно. Сум, тосгон, багийн эмнэлэгт тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад таван жил тутамд улсын зардлаар сургадаг болох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн. Мөн нэг чухал зүйл бий. Энэ нь төрийн албан хаагч хүнд өвчин тусаад гадаадад эмчлүүлэх болбол тодорхой хэмжээний зардлыг төрөөс олгодог байсан. Харин шинэ хуульд иргэн бүр авч болохоор тусгалаа.
-Дүүрэг, аймгийн эмнэлэг нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Тиймээс хүмүүс Улаанбаатарын томоохон хэдэн эмнэлэгт очихоос өөр аргагүй болдог. Үүнд анхаарсан уу?
-Дүүрэг болон аймгийн эмнэлэг долоогоос доошгүй төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж тусгасан. Одоо бол нарийн мэргэжлийн үйлчилгээ явуулах нь цөөн байгаа. Нэг үгээр хэлбэл, нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн үйлчилгээг дүүрэг, аймгийн эмнэлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр дунд шатны үйлчилгээ эрс сайжирна гэсэн үг.
-Гэхдээ аймаг, дүүрэг бүрт нарийн мэргэжлийн чадварлаг эмч тэр бүр хангалттай байдаггүй шүү дээ?
-Салбарын ажилтнуудыг сургах тал дээр ихээхэн анхаарч ажиллана. Хуульд ч тусгаж өгсөн.
-Эмч нар жагсаал хийхдээ тулаад байгаагийн нэг шалтгаан нь “Улстөржсөн хууль боллоо” гэсэнтэй холбоотой. Энэ нь эрүүл мэндийн байгууллагыг Удирдах зөвлөлтэй болгоно гэсэн хуулийн заалтаас болжээ?
-Удирдах зөвлөлтэй болно гэдэг хамтын шийдвэр гаргана гэсэн үг. Түүнээс биш улстөржсөн асуудал биш. Харин улстөржинө гэдэг чинь одоо байгаа тогтолцоо буюу нэг сайд, нэг хүн энэ салбарын асуудлыг шийддэгт байгаа юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл, сайдын эрх мэдлийг Удирдах зөвлөлд шилжүүлж байгаа хэрэг. Ингэснээр аливаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэх давуу талтай. Мөн Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн хувилбараар бол тухайн эрүүл мэндийн байгууллагын даргыг Удирдах зөвлөлөөр сольж, томилдог болох байсан. Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Удирдах зөвлөл эмнэлгийн даргыг солих асуудал байхгүй гэж өөрчилсөн.
-Эмч нар жагсаал, суулт хийхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүл мэндийн тухай хууль саяхан батлагдсан. Яг юуг нь өөрчлөх гээд байгаа юм, ямар асуудал нь таалагдахгүй байна. Бүх эмчид хууль таалагдаж байна уу, эсвэл хэсэг хүний шоу болоод байна уу гэдэгт гол асуудал бий. Энэ талаар ярьж яваа хүмүүст “Надтай уулзаж, болохгүй байгаа зүйлээ ний нуугүй ярь” гэж хэлсэн.
-Хуульд хориг тавиулах хүсэлтээ Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна лээ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ тухай надад мэдэгдээгүй. Хуульд хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн мэдэх хэрэг. Гэхдээ ямар асуудалд ямар үндэслэлээр хандаад байна вэ гэдгийг л ялгаж ойлгох хэрэгтэй.
-Таны хэлснээр муу болсон зүйл байхгүй юм бол эмч нар эсэргүүцэл зарласны цаана өөр шалтгаан байна гэж үзэж болох уу?
-Энэ салбарыг улс төртэй битгий хутгаач гэмээр байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрэв улс төр хийе гэж байгаа бол хатуу ярина. Улс төр хийх салбар зөндөө л байна шүү дээ. Ганц улстөржиж болохгүй, хүний эрүүл мэндийн манаанд байгаа хүмүүсийг талцуулах ёсгүй. Тухайлбал, Ардын нам, Ардчилсан намын эмч тусдаа байлаа гэж бодоход Ардын намын эмч Ардчилсан намын өвчтөнийг үзэхгүй байх хэрэг үү. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой салбар руу шоучид битгий орж ирээд байгаарай. Энэ нь цаашлаад мянга, мянган ажилтны эрх ашгийг хөндөж байна.

-Ярилцсанд баярлалаа.