Д.Очирбат: Халамж амлалт хоёроо ялгадаггүй хүн л халамж хавтгайрлаа гэж ярина
2011.06.24

Д.Очирбат: Халамж амлалт хоёроо ялгадаггүй хүн л халамж хавтгайрлаа гэж ярина

УИХ-аар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн ч Ардчилсан намын бүлэг завсарлага аваад буй. Хуулийн төслийг гардан хэлэлцэж байгаа НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбатын байр суурийг сонслоо.

Халамжийн хууль олон буцаж байгаа. Хөдөлмөрийн хууль ч гэсэн.Тэгж тэгж сая л батлагдлаа. Өнөөдөр ч гэсэн сонгуулийн хуулиас болоод чуулган завсарлачихлаа. 2008 онд бас биднийг орж ирэхэд Ардчилсан нам завсарлага авчхаад тангараг өргүүлэхгүй удсан. Ингэснийхээ үр дүнд тохиролцож байж Засгийн гаЗарт орсон. Халамжийн хууль дээр зургаа дахь удаагаа завсарлага авч байна. Аливаа улс орон зорилтод бүлэгтээ халамжийн тэтгэлэг тавьж, халамжийн чиглэлийн бодлого барьдаг нь хууль болсон, Зарим хүмүүс болохоор халамж хавтгайрлаа гээд яриад байна. Халамж авч байгаа хүмүүс бүгдээрээ ядуу. Өнөөдөр халамж хэрэггүй гээд түлхэх хүн байхгүй.

 

Халамжийг хавтгайруулаад байгаа зүйл Халамжийн хуулийн зүйл заалтуудад байгаа юм биш. Харин улс төрийн намуудын амлалтуудаас үүсэж байгаа скандал яриа болон халамжийг ялгаж, салгаж чадахгүй байгаа хүмүүс л халамж хавтгайрлаа гэж яриад байна. Өрх гэр бүлийг салгаж, ганц нэгээр нь тусламж үзүүлж, халамжийн тэтгэмж олгосноор ядуурлаас гардаггүй юм байна. Тиймээс ганц нэг хүнд бус өрхийн хэмжээнд нь халамж, тусламж үзүүлье гэж яриад байгаа юм. Эдгээр нь ч хуулийн төсөлд тусчихсан. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь Ардын намынхан байгаа учраас хуулийг батлахгүй гээд Байнгын хороон дээр яриад байна. Ингэж асуудалд хандмааргүй байна. Ардчилсан намын нэг гишүүн завсарлага авлаа гэхээр л бүх асуудлыг хэлэлцэхээ болиод барьцаалчихдаг баймааргүй байна.

Хэрэв энэ асуудлыг хаврын чуулганаас өмнө батлахгүй бол төслийн шугамаар орж ирэх 40 сая доллар олгогдох боломжгүй гаж холбогдох хүмүүс нь ирж уулзсан, 2009 онд Азийн хөгжлийн банк "Жайка"-гийн 70 сая долларын санхүүжилтээр Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж орлого орлуулан тооцох аргыг Улаанбаатар хотын бүх дүүрэг, аймгуудад туршчихсан. Энэ нь буцалтгүй тусламж байсан. Одоо үүнийгээ үргэлжлүүлээд 40 сая долларын санхүүжилт хийхээр ярьж байгаа. Гэвч Нийгмийн халамжийн тухай хуулиа баталж чадахгүйгээс болж энэ санхүүжилт зогсох гээд байна.