Метро барих талаар “Жайка” судалгааны ажил удахгүй эхэлнэ
2011.07.21

Метро барих талаар “Жайка” судалгааны ажил удахгүй эхэлнэ

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Япон улсын гадаад харилцааны сайд Мацүмотогийн урилгаар Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэд ерөнхийлөгч Х.Онодэратай уулзаж Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хийгээд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм.


Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага нь манай улсад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд өдгөө 16 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дөрөвдүгээр цахилгаан  станцын техник технологийн шинэчлэлээс эхлээд цэвэр усны байгууламж гэх мэт ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн юм. Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Япон улсаас үзүүлж буй техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шууд шийдвэрлэх бус, тэдгээр асуудлыг шийдвэрлэх хүний нөөцийн хөгжилд туслалцаа үзүүлдэг.

Өдгөө Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд туслах, Хөдөө орон нутгийг хөгжүүлэх түүн дотроо Хөдөөгийн хөгжлийн бааз суурь болхуйц тодорхой загвар бүс нутагт туслах, мал аж ахуйг сэргээхэд чиглэсэн тусламж, Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн тусламж, эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өдрөөс өдөрт өрөгжүүлэн ажиллаж байна.

Х.Онодэра хэлэхдээ “таныг Жайкад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай байгууллага танай улстай олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай. Миний бие Жайка байгууллагын дэд ерөнхийлөгчид өнгөрсөн жил томилогдоод Монголыг хариуцдаг болсон. 1991 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байхад миний бие Дэлхийн банкинд ажиллаж байсан. Тэгээд Монголд хандивлагч орнуудын анхны чуулга уулзалт болоход Вашингтоноос дэмжлэг үзүүлж байсан. Манай байгууллага техникийн хамтын ажиллагаа зээл буцалтгүй тусламж гэсэн гурван чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа зам тээвэр хот байгуулалтын салбарт маш их ажиллаж байна” гэсэн юм.

ЗТБХБын сайд Х.Баттулга энэ хавар болсон эмгэнэлт явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлж. “Монголчуудыг хүнд үед танай улс их дэмжиж тусалж байсанд талархдаг. Жайка байгууллага бол гадаадын зээл тусламжийн асуудлыг зангиддаг байгууллага. Манай улсад ч нэр хүндтэй. 1977 оны Говь комбинатын ажлаас эхлээд нэлээд их хөрөнгө оруулж ажилласан. Хамгийн сүүлд л гэхэд шинээр хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар хотод баригдаж байгаа 895 метр Энгельсийн гүүрийг жайкагийн хөрөнгө оруулалт зээлээр барьж байгаад талархснаа илэрхийлээ.

Өдгөө Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах зорилготойгоор метро барих талаар жайка судалгаа явуулж байгаа юм. Түүнчлэн улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн талаар 2007-2009 онуудад судалгааны ажил явж шинэ хот төлөвлөлтийн ажлаа ЗТБХБ-ын яаманд өгсөн аж. Удахгүй уг хот төлөвлөлтийг УИХ-аар оруулж батлуулах юм. Мөн хотын ундны усны асуудлыг гэх мэт хэрэгжсэн хийгээд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа ярьсан. Түүнчлэн уулзалтын үеэр Улаанбаатарт метро барих судалгааны ажлаа тун удахгүй эхлүүлэх талаар шаргуу ажиллах болно гэдгээ ноён Х.Онодэра хэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.