2016.10.10

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдээс 566 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой

Нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж буй ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй  малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ.

2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн 1990-1995 оны ажиллаагүй тасалдсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан.

Энэ хуулийн үйлчлэлээр 113,2 мянган малчин хамрагдсан гэж байгаа ч цөөнгүй малчид хамрагдаагүй үлдсэн байх магадлалтай гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөл батлагдвал 491 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Тодруулбал, 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэнд Монголын төр нэг удаа эдийн засгийн өршөөл үзүүлж байна гэсэн үг.  

Хуулийн үйлчлэлд, 15-60 насны ерөнхий боловсролын сургууль болон коллеж, их, дээд сургуульд өдрөөр суралцаж байгаагүй, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчээс өөр ажил давхар эрхлээгүй иргэн хамаарах юм. 

...Дээр дурдсан бүлэгт хамаарах иргэд нь сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 24000 төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэл болгож төлнө...

Одоогоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой. Гэсэн хэдий ч эрхэлж буй үйл ажиллагааны орлого бага, улирлын чанартай, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь алаг цоог буюу нэгэнт өмнөх саруудад төлөөгүй бол нөхөн төлөх боломжгүй байдаг. 

Статистикийн мэдээгээр малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсөж, улсын төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай.

Хуулийн төслийн ач холбогдол:

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх

- Нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна. 

Ингэж богино хугацаанд нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх ч урт хугацаанд тэтгэврийн даатгалын зардал нэмэгдэх юм. Тиймээс ирээдүйд гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг өнөөдрөөс эхлэн бүрдүүлэхэд анхаарах ёстой. 

Иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд шаардах баримт бичиг:

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Тухайн иргэний малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан тухай түүний оршин сууж байсан сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт

- Иргэн малчин байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын баримт, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан бол татвар төлсөн баримт

- Иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон иргэний гэрээний хувь

Хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж төсөлд тусгажээ. 

Бичсэн: Г.Мөнхтуяа