2021.01.22

Л.Энх-Амгалан: Ажилгүйдлийн сан ажлаа алдсан, НДШ-ээ төлдөг хүмүүст хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

2020 оны хөдөлмөрийн доод хэмжээ биш, худалдаж авах гэж байгаа тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгох энэ боломжийг бид хангах ёстой.

Ганцхан малчдад зориулсан хууль биш. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлөх хууль юм. Монгол Улсад 160.000 гаруй НДШ төлж байгаа. Жижиг хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй хамааралтай хамрах хүрээний хувьд.

Энэ хуультай хамааралтай биш зүйл хэлье. НД-ийн таван сангийн асуудлыг эргэж харах ёстой. Хамгийн наад зах нь гэхэд ажилгүйдлийн даатгалын сан гэхэд жилд 40-60.000 төгрөгийн ашиг олдог.  Тэгээд 230.000 хүн ажилгүйдлийн даатгал олгодог сан байна. Гэтэл цар тахлын үед өнөөдрийн байдлаар ажилгүй болчихсон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бараг 200.000 орчим хүн ажилгүй, орлогогүй болсон байна. Хэрэв ажилгүйдлийн сан байгаа л юм бол өөрөөс нь шалтгаалаагүй цар тахлаас болж ажлын байраа алдсан, НДШ-ээ тогтмол төлдөг энэ иргэдэд хүртээмжтэй байснаар энэ нь ажилгүйдлийн сан болно.

Түүнээс биш ажилгүйдлийн сан гэдгийг НДШ төлж байгаа хүнээс нэг хувиар тооцож авчхаад сайд, дарга нарын тушаалаар хууль бусаар халагдсан хүмүүсийн цалинг нөхдөг байж болохгүй. Цар тахал бүх юмны шалгуур болж байна. Тиймээс цаашдаа ажилгүйдлийн сан гэж байх юм бол байсан шиг байх ёстой гэж бодож байна. Шимтгэлийг нь бүгдээрээ харж үзье. Ингэж байж ажилгүйдлийн сан дээр үүссэн хуримтлалууд шимтгэл төлсөн тэр хүмүүстэй өгөөжтэй сан байх болно. Гэтэл ажилгүйдлийн сан, тэтгэврийн сан, тэтгэмжийн сан, үйлдвэр осол, мэргэжлээс шалтгаалах сан гээд таван сан байна. Энэ таван сангийнхаа менежментийг өөрөөр хийхгүйгээр төсвийн нэг хэсэг гэж хараад байна. Энэ төсвийн нэг хэсэг биш юм. Хүн бүр энэ таван санд хуримтлал үүсгэж байна.