Л.Энх-Амгалан: Зөвхөн малчид биш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах тухай хууль юм
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
- Хугацаа хойшлох
- Шимтгэлийн хувь хэмжээний асуудлыг яриад байна.
Бид нар энэ хуулийг батлаад дараа нь хэрэгжүүлэхдээ ажилласан жилээ нөхөж худалдаж авах тухай хууль юм. Худалдаж авахыг ямар шимтгэлээр авах вэ гэхээр 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх гэсэн байна. Үндсэндээ сард 42.000 төгрөг, нэг жилээр бол 500.000 төгрөг, гурван жилээр 1.5 сая, зургаан жилээр 3 сая төгрөгийн шимтгэл төлөх гээд байгаа юм.
Иргэд юу гэж байна гэхээр тухайн нөхөж авах жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авъя гэж байгаа. Жишээ татвал 2000-2005 оны хоорондох таван жилээ худалдаж авбал түүний хоорондох, тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөөд авчихмаар байна. Энэ нь хэн хэндээ шударга байна гэсэн асуудал яригдаж байна.
Хамрах асуудал байна. Монгол Улсад хувиараа сайн дурын даатгал төлж байгаа 40.000 гаруй иргэд байна. Энэ хуульд хамрагдах ёстой 28.000 иргэдийн 9000 буюу гурван малчны нэг нь хамрагдаад байна гэсэн үг. Цаана нь хоёр малчин хамрагдаж чадахгүй байна. Энэ хууль зөвхөн малчин биш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах тухай хууль байгаа юм. Үүнийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.
Хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа нийгмийн даатгалын байцаагч иргэдэд ойлгуулмаар байгаа юм. Монгол Улсад хувиар НДШ төлж байгаа 160.000 хүн байна. Энэ хүмүүст нээлттэй хууль юм. Үүнийг нь зөвхөн малчдын хүрээнд хамруулах юм шиг хуулийг сурталчилж буруу ойлгуулаад байна. 260-270.000 малчин байна.