Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацааг сунгана
2021.01.19

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн хугацааг сунгана

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2021-01-20/-ийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн үйчлэлийн хугацааг нэг жилээр сунгахаар хуулийн төсөлд тусгажээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг С.Чинзориг нарын гишүүд санаачлан 2017 онд УИХ-аар батлуулсан. Уг хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжиж, хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн, 8800 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон.

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хууль хэрэгжих хугацаанд дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдэж, коронавирус халдварынцар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зарим аймагт зуншлага оройтсоноос өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл үүсч отор нүүдэл ихтэй байгаа зэрэг тодорхой хүчин зүйлийн улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч,нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон. Иймд хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, үйлчлэлийн хугацааг нэг жилээр сунгахаар хуульчилсан байна.

УИХ-ын 2020 оны "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" 36 дугаар тогтоолын 5 дахь заалтад “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарсан тул хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn