УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд боллоо
2016.07.23

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайд боллоо

Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувийн дэмжлэг хүлээв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Мөнх-Оргил гишүүнийг дэмжиж байна. Энэ албыг нэр төртэйгөөр авч чадна гэдэгт итгэж байна. Сайн баг бүрдэж улс орныг хүндрэл бэрхшээлээс түргэн шуурхай авч гараасай. Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй бүх хүмүүс салбартаа ажиллаж байсан, мэргэжлийн нэр хүндтэй хүмүүс. Ард, иргэдийн хүлээлт их байна. Ачаа даах хүмүүсээ нэр дэвшүүлсэн байх. Та бүхэн хатуужилтай, ачаалалтай ажиллаарай.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “АСЕМ-ын уулзалт Монгол улсын нэр хүндийг өргөхөд ихээхэн ач холбогдолтой болсон. Иймэрхүү бодлогыг хэрэгжүүлэх нь их чухал. Эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулах, үүргийг их болгох тал дээр илүү анхаараарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Найдаж, итгэж байна. Хичээж ажиллаарай. Монголд цэргийн бааз байгуулах асуудал огт байж болохгүй шүү. Дипломат албаны тухай хуулийг хурдан батлуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хоёр хөршийн бодлого дээр тусгайлан анхаарах ёстой байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар ороод 10 гаруй жил болж байна. Уг байгууллагад гишүүнээр элсвэл хөрөнгө оруулалт татах боломжтой. Төвийг сахих бодлого дээр ямар байр суурьтай байна вэ.  Дипломат харилцааг иж бүрнээр нь харахгүй бол болохгүй байна. “Талын зам” төслийг хэрэгжүүлэх юм бол таван шугамын асуудал яригддаг. Хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Төвийг сахидаг улсуудын хүлээсэн үүргийг Монгол Улс хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Төвийг сахих тухай хуулийг байнга батлах нь дипломатчдын  хоёр талт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үгүй хийх эрсдэлтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хоёр хөршийн уламжлалт харилцааг сайжруулахаас гадна, гуравдагч хөршийн уян хатан бодлогыг гаргаж гадаад хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бий болгох талаар илүү санаачлагатай ажиллаасай гэж хүсч байна. Гадаадад амьдарч буй Монгол иргэдийн асуудалд нилээн дорвитой бодлогыг ГХЯ гарган тавиасай” гэлээ.