Ерөнхий сайдад дэмжигдсэн Жаргалтулгын Эрдэнэбат гэж хэн бэ
МАН энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Тус намынхан Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдэг ажилдаа ханцуй шамлан ороод байгаа билээ.
Тэгвэл энэ долоо хоногтоо багтаан Ерөнхий сайдаа томилохоор ажиллаж байгаа бөгөөд МАН-ынхан өчигдөр Бага. хурлаа хуралдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн илүүтэй мэднэ.
Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болж, Шийдлийн Засгийн газрын үед Сангийн сайдаар нэг жил ажиллаж ард түмэн түүнийг илүүтэй мэдэх болсон. Ерөнхий сайдад нэр дэвшин намаасаа дэмжлэг хүлээгээд буй Жаргалтулгын Эрдэнэбат хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа билээ. Түүний аавыг Гунгаагийн Жаргалтулга, ээжийг нь Лувсанбазарын Пүрэвдулам гэдэг. Аав, ээж хоёр нь хоёул Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат юм байна.
Эрдэнэбатын аав Г.Жаргалтулга нь Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж байсан бөгөөд өвөө Гунгаа нь мөн тус сургуулийг үүсгэн байгуулсан анхны багш, захирлаар нь ажиллаж байсан юм. Нэг үгээр хэлбэл, сэхээтний гэр бүлд төрж, өсчээ. Эрдэнэбатын аав Жаргалтулгыг үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх байсан гэдгээр нь сэлэнгийнхэн маш сайн мэднэ. Улсын гарьд Пунцагийн Сүхбат гарьдын багш байсан гэдэг. Ж.Эрдэнэбатын хувьд аав, ээжээс дөрвүүлээ аж. Харин одоо эхнэр Тунгалаг болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Түүний намтрын хураангуйг хүргэе.
Төрсөн газар: -Сэлэнгэ аймгийн Мандал сум
Төгссөн сургууль, мэргэжил: -1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 10 жилийн дунд сургууль
-1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуу-лийг Эдийн засагч мэргэж-лээр
-1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
-2002-2004 онд Удирдлагын академи
-2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажил эрхлэлт:
-1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-д нягтлан бодогч
-1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
-2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
-2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
-2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
-2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
-2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал: -2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан -2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан -2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2010 онд Алтангадас одон
Гадаад хэл: Англи