Ачааны хүндийг тэр үүрнэ
Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэн ажиллах 29 дэх Ерөнхий сайд тодорлоо.
Ялсан намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраа тэргүүлэн ажиллаж, ял, гавьяа хоёроо цугт нь үүрдэг ч МАН-ын дарга М.Энхболд хууль тогтоох дээд байгууллагыг удирдах сонголт хийснээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ачааны хүндийг үүрэх боллоо.
Улс төрийн хүрээнийхэн “Эрх мэдэлгүй Ерөнхий сайд юу хийж гавих вэ дээ, шийдэл гарахгүй” гэх хатуухан үгийг чулуудаад эхэллээ.
УИХ-аас түүнийг Ерөнхий сайдаар томилоогүй, юу хийхийг нь хараагүй байж, ингэж хэлэх нь буруу ч өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол харин энэ зовлонг яс махаараа мэдэрсэн нь үнэн. Том төслүүдээ хөдөлгөхөөр болж, УИХ-руу оруулахад дэмждэггүй, унагаж ирсэн гашуун түүх бий. Ийм алдааг МАН давтахгүй гэж найдъя.
Нэр дэвшүүлэлтээс харвал МАН 1970-аад оны залуустаа итгэл үзүүлжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээс энэ байдал харагдана.
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт нарын оролцоо хамгийн их жин дарж таарна. УИХ-д 26 суудалтай байсан намыг 65 болгосон нь яах аргагүй тэдний зүтгэл.
Харин боловсруулсан мөрийн хөтөлбөр нь өр, зээлд баригдчихаад байгаа эдийн засагтай улс орны хувьд хэрэгжүүлэх боломжтой юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй. Намын дарга нь гүйцэтгэх засаглалаа удирдаагүй нь үүнтэй ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.
Иймээс Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад асар том ачаа, хариуцлага ирлээ гэж хэлж болно.
Эдийн засагч мэргэжилтэй түүнд аймгийг удирдаж байсан туршлага л бий. Өмнөх парламентад МАН найман сар Засгийн газарт хамтрахад Сангийн сайдаар ажилласан. Нэр цэвэр улстөрч гэдгээрээ бусдаасаа ялгарна. Хүнийхээ хувьд хамгийн зөв хүн гэсэн дүгнэлтийг намынхан нь төдийгүй, сэлэнгэчүүд өгдөг.
Үе, үеийн намын дарга нартаа тал алдалгүй явсан нь Ерөнхий сайдад нэр дэвших хүртлээ карьерт нь нөлөөллөө гэж үзэгсэд ч байна.
Хуулиараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлдэг. Энэ нь төрийн тэргүүн ёсчлон хүлээн авсан нөхцөлд Засгийн газрын тэргүүнийг УИХ-аар хэлэлцүүлэн томилуулах эрх нээгдэнэ гэсэн үг юм.
Наадмаас урьтан Ерөнхий сайдыг томилох чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч МАН-д даалгасан. Иймээс маргааштаа багтан УИХ Ерөнхий сайдыг томилно.
Хуулиараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д оруулж батлуулдаг. Хэчнээн сайд, яамтай ажиллах вэ гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд багтдаг. Гэхдээ МАН 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллах амлалт өгсөн. Ард түмэн энэхүү амлалтыг салбарыг удирдах сайд нь илүү мэргэжлийн хүн байна гэж харж буй.
Өнгөрсөн дөрвөн жилийн турш “Давхар дээл”-ийг тайлах ёстой гэсэн шаардлагыг эрх баригч хүчиндээ тавьж ирсэн. Энэ шаардлага ажил хэрэг болох уу, үлгэр болох уу гэдгийг өргөн мэдүүлэх Засгийн газрын бүрэлдэхүүнээс нь харагдана.
Санхүү эдийн засгийн хямралыг даван туулах, мөн өөр бусад олон зүйлийг харгалзан Ардчилсан нам эрх барьж байхдаа Засгийн газрын хэд, хэдэн агентлагийг нэгтгэсэн. Тодруулбал, Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой нэгтгэсэн. Эдгээр агентлагийг нэгтгэснийг МАН тухайн үедээ буруу хэмээн үзэж байлаа. Одоо тэднийг салгах уу, хэвээр нь үлдээх үү гэдэг шийдэл мөн шинээр томилогдох Ерөнхий сайдын гарт бий.
Шийдлээ хүлээсэн асар олон ажил шинээр томилогдох Ерөнхий сайдыг хүлээж байна.