Ө.Энхтүвшин сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үү?
Ардчилсан намыг олонх байхад УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал бүлэг дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, адайр ааштайгаараа дуудуулж явсан цаг саяхан.
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахаар өргөдөл гаргаж, дуулиан тарьж явсан энэ эрхэмд хэвлэлийнхэн “Олонхийн бүлгийн сөрөг хүчин” гэх тодотголыг өгсөн байдаг.
Энэ буухиа үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа МАН-д ч үргэлжлэх бололтой. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан өдөр/2016.07.05/ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдыгоо УИХ-ын даргад нэрээ дэвшүүлснийг нь дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултаж байна хэмээн “чимхээд” авна билээ. Чингэхдээ амлалтаа биелүүлэхгүй ухарвал тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд авсан нь намынх нөхдийнх нь нуруу руу хүйт оргиулсан болов уу.
Тэрбээр “Ялсан намын дарга Засгийн газраа удирдаад намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах ёстой. Ачааны хүндийг Засгийн газар үүрнэ. Үүн дээр зарчимтай байх ёстой. Амласан амлалтаас ухарч болохгүй. Хэрвээ тийм явдал гарвал би тэмцэнэ. Хариуцлага тооцож, ажлыг нь ард түмнээр дүгнүүлнэ. Ажлаа хийж чадахгүй бол толгойг нь илэхгүй байх ёстой” гэх үг дайсан.
МАН –ын 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь хүнд даалгаврууд олон бий. Жишээлбэл, дөрвөн хүүхэдтэй айлыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг популист амлалт байгаа. Зах зухаасаа зарим нэг иргэн “Нэг хүүхэд төрүүлээд байраа нэхээд хэвтчихдэг хэрэг ээ” гэж хошигноод эхэлсэн.
Харин одоо дээрх амлалтыг биелүүлэх шаардлагыг нам дотроос нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин шахаж шаардах боллоо.