Эхлээд АСЕМ-д анхаарна
2016.07.07

Эхлээд АСЕМ-д анхаарна

Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас тодруулга авлаа.

-Ерөнхий сайдаар томилогдонгуут ажлаа юунаас эхлэх вэ?

-Хамгийн гол асуудал АСЕМ байна. Олон улсын төрийн тэргүүн  Монгол Улсад ирнэ. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал. Тийм учраас эхний ээлжинд үүнд анхаарал хандуулна.

-Засгийн газар ойролцоогоор хэдэн яамтай байх бол?

-Тэр тоог дараа нь бүтэц батлагдах үед хэлье.

-2016 оны төсийн тодотголыг хэзээ УИХ-д оруулж ирэх вэ. Намрын чуулган хүлээх боломжгүй байгаа юм шиг зүйл яригдах?

-Ажлаа хүлээж аваад нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй. Би өмнө нь Сангийн сайдын ажлыг хүлээж авахад бодит нөхцөл байдал тоон мэдээлэлтэй зөрж байсан удаа бий. Тийм учраас өнөөдрийн гаргаж байгаа тоон мэдээлэл бодитой эсэхийг тулгах шаардлагатай. Үүний дараа нь юу хийх вэ гэдгийг тодорхойлно. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бодит байдлаа тодорхойлж, зөв гарцаа олох нь чухал.

-Өмнөх Засгийн газрын тэргүүн “эдийн засаг” гэж ажлаа эхлүүлсэн. Таны хувьд АСЕМ-ын дараа хийж үндсэн ажлаа юунаас эхлэх вэ?

-Би янз бүрийн уриа лоозон хэлэхгүй. Ажлаа л хийх ёстой.