Хотыг Су.Батболд, Ц.Сандуй нар удирдана
2016.07.07

Хотыг Су.Батболд, Ц.Сандуй нар удирдана

Шинээр эмхлэн байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурал өчигдөр болж, хотын удирдлагуудаа сонголоо.

Өөрөөр хэлбэл, хотын даргаар УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг томилж, Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалд залав. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Амарбаясгаланг томилсон бол АН-ын бүлгийн даргаар Ц.Баатархүүг сонгожээ. Үүнээс гадна тэд анхны хуралдаанаараа НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан юм. НИТХ-ын хуралдааны Дэгийн дагуу 11 төлөөлөгчийг тэргүүлэгчээр сонгосон бөгөөд цөөнх болсон АН-аас нэг ч хүн багтсангүй.

Учир нь, олонхийг бүрдүүлсэн МАН-ын зүгээс 11 төлөөлөгчийн хоёрыг нь АН-ын гишүүд байх саналыг тавьсан ч тэд татгалзсан юм. Ингэснээр НИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас нэр дэвшсэн есөн хүнийг олонхийн саналаар дэмжиж, баталлаа. Тодруулбал, Ц.Сандуй, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх, Т.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ж.Алдаржавхлан, Ж.Батсайхан, Т.Баярхүү, Д.Амарбаясгалан нарыг энэ удаагийн НИТХ-ын тэргүүлэгчээр сонгожээ. 

Су.Батболд: Шударга бус хүнтэй нэг өдөр ч хамтарч ажиллахгүй 


НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид нэр дэвшигч Су.Батболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, төлөөлөгч Д.Баттулга “1990 оноос хойш анх удаа төлөөлөгч биш хүн нийслэлийн Засаг даргаар томилогдож байна. Яагаад тэр вэ. Үнэндээ төлөөлөгч биш хүн нийслэлийн Засаг даргаар ажиллана гэдэг маш хүндрэлтэй. МАН энд сонгогдсон төлөөлөгчиддөө итгэхгүй байгаа юм уу.

Чадахгүй гэж үзэж байгаа юм уу” гэдгийг нэр дэвшүүлж буй субъектээс асуусан. Энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “МАН нэр дэвшигчээ намын олон шатны байгууллагын хурал, гишүүдийнхээ саналд үндэслэн тодруулдаг. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн тухайд намын Удирдах зөвлөл, нийслэлийн МАН болон НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг үндэслэн тодруулсан.

Давуу талын хувьд өмнө нь УИХ-ын гишүүн байсан, нийслэлийн ажлыг УИХ болон Засгийн газартай холбон ажиллах чадвартай, шилдэг боловсон хүчин гэж үзсэн” гэлээ. Мөн төлөөлөгчид нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчид хандан “Нийслэл, орон нутгийн удирдлагын төвшинд хэрхэн ажиллах вэ. Ямар туршлага байна вэ. Төлөөлөгчидтэйгөө хамтран ажиллаж, нийслэлийн шинэчлэлийг цаашид үргэлжлүүлж чадах уу” гэх зэргийг тодруулж асуусан. Нэр дэвшигч Су.Батболд “Би улстөрчийн гараагаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож эхэлж байсан.

Аймаг, нийслэлийн ИТХ хэрхэн, яаж ажиллах ёстой вэ гэдгийг мэднэ. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагыг хэрхэн сайжруулах, төрийн бусад интитуцитай хэрхэн уялдаа, холбоотой ажиллуулах, хэрхэн хараат бусаар ажиллах талаар олон чиглэлийн ажил хийсэн. Мөн судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Намайг төлөөлөгч хүн биш гээд гадуурхахгүй байх гэж найдаж байна. Би төлөөлөгчидтэйгөө хамтран ажиллаж, нийслэлийнхээ төлөө ажиллахад бэлэн байна. Шударга ёс бол миний зарчим. Шударгаар ажиллаж байгаа хэнтэй ч би хамтран ажиллахад бэлэн. Шударга бус, авлигач хүнтэй нэг өдөр ч хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдье” гэв.

Э.Бат-Үүл: Харьцангуй мөнгөтэй, сайн төсөв хүлээж авч байгаа шүү


Хотын дарга асан Э.Бат-Үүл тахимаа өгөхөөс өмнө шинэхэн Хотын дарга Су.Батболдод хандаж хэдэн үг хэлэв. Тэрбээр "Би удахгүй Батболдод ажлаа хүлээлгэж өгөхөөр аяндаа харах байх. Үнэндээ нийслэлийн төсөв бол тун хангалтгүй байгаа. Яг төсөв болон нийслэлийн инфляци, бусад татаасаа харахаар өмнөх Засаг даргатай харьцуулахад долоон хувиар буурсан. УИХ-аас Нийтийн тээврийн татаас болон ахмад настны халамжийн татаасыг нийслэлд үүрүүлсэн. Тэгэхээр их амаргүй төсөвтэй явж ирсэн.

Цаашдаа ч ийм байх болов уу. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар аль болох шийдвэрлүүлэх хэрэгтэй. Их хурал гаргасан хуулийнхаа төсвийг өөрөө хариуцдаг байх ёстой. Гэтэл хуулиа гаргаад, санхүү хөрөнгийг нь орон нутагт хуваарилдаг буруу жишиг тогтсон. Үүнийг өөрчлөөрэй. Одоо өгөх гэж байгаа төсөв дансны үлдэгдэл 100 гаруй тэрбум төгрөг байгаа. Харьцангуй мөнгөтэй, сайн төсөв хүлээж авч байгаа шүү" хэмээн тодотгов. 

Д.Баттулга: Багаа зөв сонгож, зөв ажиллаарай


Харин НИТХ-ын дарга асан Д.Баттулга хэлэхдээ "Шударга ёс гэдгийг би хоёр зүйлээр л дүгнэнэ. Нэгдүгээрт хуулийн дагуу ажиллах. Хууль ямар байх нь хамаагүй, хуулиа мөрддөг байх ёстой. Тухайлбал, шилэн дансны хууль. Нийслэлийн төсөв шилэн дансны үзүүлэлтээрээ тэргүүлсэн. Энэ байдал хэвээр хадгалагдах ёстой. Хоёрдугаарт, нийслэлийн Засаг даргын бүхий л шийдвэр нийслэлийн Засаг даргын вэб сайт дээр тавигдаж, ил тод байх ёстой. Энэ хоёр зүйлийг цөөнх болсон АН-ын бүлэг 24 цаг тасралтгүй хянана шүү.

Түүнчлэн олуулаа болон хэт олуулаа засаглах шал өөр шүү. Багаа зөв сонгож, зөв ажиллаарай" гэв. Тэгвэл энэ удаагийн сонгуульд олонхийн суудал авсан НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан "Өнгөрсөн хугацаанд олон сайхан ажлууд хэрэгжсэн. Эхлэл нь тавигдсан. Энэ сайхан ажлуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дутуу хийгдсэн, үр дүн багатай байгаа зарим ажлыг дахин зохион байгуулах хэрэгтэй. 

Түүнчлэн нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүд, ялангуяа захын дүүргүүдэд байгаа ажилтнуудын чадварыг сайжруулах, ур чадварыг нэмэгдүүлж, ёс суртахууныг нь шинэ төвшинд гаргах талаар тусгайлан кампанит ажил явуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дээрээ шийдвэр гаргаад байдаг. Дунд шатандаа ямар ч чадваргүй, сэтгэлгүй хүмүүсээр дүүрчихсэн байгаа шүү" гэдгийг сануулав. Ийнхүү төлөөлөгчид асуулт асууж, үг хэлсний дараа Нийслэлийн Засаг даргаар Су.Батболдыг томилохыг дэмжлээ.