Луйврын сонгууль болсон
2016.07.06

Луйврын сонгууль болсон

Ардчилсан намын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд "Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах ёстой. Дархан-Уул аймгийн иргэн З.Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгсөн.

Тэрбээр өөрийнхөө нэрээр саналаа өгчхөөд дараа нь Н.Отгончимэг гэж хүний оронд санал өгсөн. МАН-ын гишүүн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгөх ёсгүй. Гэтэл бүртгэлийн байгууллага түүнд хоёр дахин санал өгөх эрх өгсөн байгаа. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Сонгуульд булхай луйвар ямар нэг хэмжээгээр орсон нь тодорхой будилаануудаар нотлогдоод байна.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэлийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага өөрөө нүдээ аньсан нь хуйвалдаан хэр том хэмжээтэй болсныг харуулж байгаа. Энийг цаг алдалгүй тогтоох ёстой. 14 хоног шаардлагатай. Байгууллагын дарга нарыг нь ажлаас чөлөөлдөг юм уу, ингэж байж шалгахгүй бол одоо ул мөрөө арилгах ажил эхэлсэн. Одоо Ерөнхийлөгчтөй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах саналаа хэлнэ” гэлээ.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “АН-д шүүмжлэлтэй хандсан юм бий, гэхдээ ингэтлээ нэр хүнд нь унаагүй.МАХН ганцхан суудалтай болтлоо нэр хүнд унасан гэж бодохгүй байна. Луйвардлаа гэхэд хэмжээ хязгаартай луйвардаж болно, хэтрүүлээд цэвэр булхай гэдэг нь авсан тооноос нь харагдаж байгаа. Ардчилсан намын алдаа дутагдал дээр тоглож байгаад нэр хүндээ өсгөсөн байж болно, гэхдээ 60 тэрбумын луйвар нь энэ хэмжээнд очихгүй” хэмээлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймагт шүүхийн шийдвэр гарсан, нотлох баримт хангалттай гарсан. Луйврын сонгууль болсон. Хөвсгөл, Увс мөн ийм юм болсон. Хүчний байгууллагуудыг бүгдийг өөртөө авсан байна” гэдгийг дуулгасан юм. Ийнхүү З.Энхболд, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчтэй уулзаж анхдугаарчуулганыг хойшлуулахсаналыг Ерөнхийлөгчид тавьсан юм байна.