Борлуулалтын орлого 100 саяас бага бол 2019 он хүртэл НӨАТ-ын цахим системгүй үйл ажиллагаа явуулж болно
Хуулийн нэр: НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төлөв: Боловсруулалтын шатанд
НӨАТ-ын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд татвар төлөгч хувь хүнд худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээндээ төлсөн татвараас тодорхой хувийг буцаан олгох татварын урамшууллын системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх хувийн хэвшил, төрийн байгууллага татварын системд холбогдоно гэсэн хуулийн заалттай. Борлуулалтын орлого нь 50 сая хүрсэн хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгч болно. Иргэдэд үйлчилж буй ямар ч байгууллага кассын машин, програм хангамж суурилуулж, татварын системтэй холбуулна гэж хуульд заасан.
Кассын систем суурилуулж амжаагүй байгууллага, хувь хүн нь төрийн албан ёсны баримт хэвлэх цахим хуудас болох “ebarimt.mn”-д холбогдон, иргэнд НӨАТ-ын баримт олгоно. НӨАТ-ын баримт авсан иргэн баримтаа интернэтэд шивж, жилийн эцэст 2 хувийн урамшуулал авах төдийгүй сугалаанд хамрагдах боломжтой юм.
НӨАТ-ын буцаан олголт нь иргэдээ дэмжих төдийгүй далд эдийн засгийг бууруулах давуу талтай гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч хэрэгжилтийн явцад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай зохицуулалтууд бодит амьдралаас урган гарсаар байна. Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд, гэр хороололд дэлгүүр ажиллуулдаг 2000 гаруй иргэн, ААН-ийн хүсэлтийн дагуу зохион байгуулсан «НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл» хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналын дийлэнх нь НӨАТ- ын босго, НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой кассын машин, програм худалдан авахтай холбоотой асуудал байв.
Энэ ч үүднээс НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан юм.