Монгол Улсын үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухайд
2016.04.25

Монгол Улсын үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухайд

Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 25 жил өнгөрч байна. Энэ харьцангуй урт хугацаанд Үндсэн хуулийн манлайд нь удиртгал болгож, Монголын ард түмний даяар олноороо зарлан тунхагласан эрхэм зорилгууд болон Монгол улсын дэвшил хөгжлийн мөн чанар, шинж төрхийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх нийгэм-эдийн засгийн зорилтуудын хэрэгжилт нь бодит байдал дээр  илт хангалтгүй байгаа нь олон зүйлээр илэрч байх юм.

Гэтэл манай төр засгийн дээд удирдлагын эрхэм түшээд, УИХ-ын гишүүд Үндсэн хуульд ач холбогдол багатай аахар шаахар өөрчлөлт оруулах талаар ярьдаг болохоос, ер нь манай Үндсэн хууль батлагдаад 25 жил боллоо, ингэхэд хэрэгжилт нь ямар байгаа билээ гэж ухаарч үздэггүй бололтой.

Тийм болохоор өнөөгийн Үндсэн хуулийн мөн чанар, үндсэн агуулга болж тавигдсан эрхэм зорилго, зорилтууд нь хэрэгжээгүй байсаар эдүгээ хүрсэн зохисгүй байдлын учир холбогдол юу болох талаар шинжин үзэж, зарчмын дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ. Энэ талаар толилуулах аваасу:

1. Хүмүүнлэг нийгэм хөгжүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байгаа нь      

Монголын ард түмэн бид, “эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн удиртгал хэсэгт тунхаглан заасан эрхэм зорилго манай нийгэмд бодитойгоор хэрэгжиж ердийн хэм хэмжээ болоогүй байгаа нь монгол хүн бүрийн амьдралд тохиолдож буй нэгэн хүмүүнлэг бус нөхцөл байдлаар  илэрч байна.

Монгол хүн “өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэсэн мэргэн сургаалтай байдаг. Тэгэхээр иргэн хүний амьд явах, урт удаан наслах, аж амьдрал нь өөдрөг байхын эх үндэс нь өвчин зовлонгүй эрүүл саруул байх явдал мөн бөгөөд хүмүүний нийгмийн хамгийн гол асуудал юм.

Гэтэл манайд өвчин эмгэгтэй иргэн хүн эмнэлэгт хэвтэж бүрэн эмчлүүлэх боломж төрийн хуулиар хязгаарлагдсан байгаа, Тухайлбал, өвчтэн хүн өвчин эмгэгээ бүрэн илааршуулж, эрүүл саруул болох хүртлээ эмнэлэгийн тусламж авах, тийм энгийн эрх эдлэх боломжгүй, хүмүүнлэг бус нийгмийн нөхцөл байдал бий болоод удаж байна.  

Манайд ямар ч хүндээр өвчилсөн иргэн хүнийг эмнэлэгт 9 хонуулаад, өвчин нь илааршиж амжаагүй байхад нь эмнэлэгээс төөргөөрөө болог гэсэн шиг албаар гаргадаг болсон. Тийм нэн зохисгүй байдал нийгэмд ердийн хэвшил дасал болж байгаа явдал нь хамгийн харамсалтай хэрэг юм.

Зүрхний шигдээс болсон, тархинд нь цус харавсан амь нас нь дэнсэн дээр байгаа хүн, эмнэлэгт төрөөс тогтоосон тоотой хэд хоног байгаад, өвчин нь хүнд хэвээрээ байхад эмнэлэгээс хэвтээгээрээ гарна гэдэг ямар вэ дээ.

Өвчтэн хүн эмнэлэгт 9 хонож гараад гэртээ хэд хоноод нас эцэслэх явдал амьдрал дээр зөндөө тохиолдож байгаа. Тийм байдал нь “Монгол улсын иргэн амьд явах эрхийг батлагаатай эдлэнэ” гэсэн Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалт хэрэгжих батлагаагүй байгаагийн нотлогоо юм.

Дээр дурьдсан нөхцөл байдал бол чухамдаа хүмүүнлэгийн ёсонд үл нийцэх нь ойлгомжтой юм. Иймэрхүү дэглэмтэй нийгмийг хүмүүнлэг нийгэм гэхэд төвөгтэй болов уу.  Энэ талаар төр засгийн эрхэм түшээд тунгаан үзүүштэй байна сан.

Манай улс дахь өнөөгийн хүмүүнлэг бус нөхцөл байдлыг төрийн дээд байгууллагын батласан Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжоор буй болгосон.

Тэр нь Үндсэн хуулийн хүмүүнлэг нийгмийг бүрэлдүүлэн хөгжүүлэх тухай хамгийн эрхэм нэгэн зорилго, 25 жилийн туршид хэрэгжээгүйн гол учир шалтгаан байж болох юм.            

Өмнөх Үндсэн  хууль үйлчилж байсан нийгэмд аливаа өвчтэн иргэн хүнийг  эмнэлэгт хоногийн тооны хязгааргүй хэвтүүлж үнэ төлбөргүй эмчлээд, эмч нь одоо таны өвчин илааршиж эдгэрлээ гарч болно гэж зөвшөөрсөнөөр эмнэлэгээс гардаг жинхэнэ хүмүүнлэг ёстой байсан билээ.

2.  Үндэсний эв нэгдлийг дээдлэж хангах заалт хэрэгжсэнгүй 

Үндсэн хуулийн удиртгал хэсэгт болон нэгдүгээр бүлгийн хоёр дахь заалтад “үндэсний эв нэгдлийг” дээдлэж хангахявдлыг эрхэм зорилго, үндсэн зарчим мөн хэмээн тунхаглаж, бүр хоёр удаа давтан тусгасан байгаа болно.

Манайх бол нэг үндэстний нэгдмэл улс бөгөөд ястан угсаатны болон шашны урсгал хоорондын хагарал тэмцэл байх үндэсгүй гэдэг нь мэдээжийн хэрэг юм.  

Гагцхүү өнөөгийн Үндсэн хууль батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд  улс төрийн шинэ тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь болж буй олон намыг дагасан хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн болон ашиг хонжооны төлөөх тэмцлээс болж, эв нэгдэлийн задрал талцал бий болсон. 

Тийм янзын эв нэгдлийн хагарал талцал нь манай нийгэмд төр засгийн дээд түвшингээс эхлээд, хот, аймаг, сум, дүүрэг, баг, хороодын түвшинд засаг захиргааны бүх шатанд албаны хүмүүсийн хооронд олон жилийн туршд явагдаж байгаа учраас ихээхэн хор холбогдолтой байгаа гэдэг нь нийтэд хамааралтай юм.

Улс нийгэмд эв нэгдлийг бусниулж буй улс төрийн намууд хоорондын, тэдний дотоодын хэсэг бүлэглэл хоорондын талцал зөрөлдөөний хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь улс орны хөгжил дэвшил, нэр төрд хамааралтай нийгэм-эдийн засгийн зарчмын олон асуудлуудыг, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс оновчтой шийдэлд хүргэх, улмаар бодит үйл хэрэг болгож хэрэгжүүлэхэд хориод жилийн туршд саад тотгор болсоор ирсэн явдалд оршиж байгаа болно. Энэ талаар олон жишээ баримтыг дурьдах шаардлагагүй гэж үзэж байна.

3. Шудрага ёсыг эрхэмлэн дээдлэж хангах заалт хэрэгжсэнгүй

Үндсэн хуулийн удиртгал хэсэгт болон мөн нэгдүгээр бүлэгт шудрага ёсыг эрхэмлэн дээдлэж хангах тухай заалт байгаа билээ.

Манай монголчуудын хувьд, шудрага ёсыг баримтлана, худал хуурмагийг цээрлэнэ гэдэг язгуурын хэвшмэл ёс жудаг байсаар ирсэн юм. Өнөө үед ч эгэл олон түмний дунд тийм л байгаа.

Харин өнөөгийн Үндсэн хуульд шудрага ёсыг дээдлэх, шудрага ёсыг хангах гэж ямар зөнгөөр даяар олноо тунхаглан зарласан байдаг билээ гэсэн бодол төрж болох юм.

Хэдэн жилийн өмнө Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нэгэн хүмүүн  “шудрага байцгаая л даа” хэмээн уриалж байсныг эргэн санахад, манай нийгэмд шудрага бус байдал буй болсоных юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.          

Манайд шудрага ёс, нийгмийн амьдралд хэрхэн баримтлагдаж байгааг үнэлж цэгнэх, дүгнэлт хийхэд амаргүй асуудал гэдэг нь ойлгомжтой юм. Ер нь шудрага ёс алдагдана гэдэг бол бие хүмүүсийн шудрага бус үйлдлээс улбаатай байх нь мэдээжийн хэрэг л дээ.

Шудрага ёс алдагдах явдал нь гол төлөв албан тушаалын төлөөх, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхолын төлөөх шудрага бус үйлдэлээс үүдэлтэй байдаг бололтой.

Төрийн албан хаагч хүмүүс шудрага бүс үйлдэл хийж, шудрага ёсыг алдагдуулсан хэрэг явдал нь ард иргэдэд мэдрэгдэж, таагүй үр нөлөөг дагуулдаг нь тодорхой юм. Ялангуяа Засгийн газар болон гишүүд нь солигдох бүрт яам, агентлаг, хот, хөдөөгийн засаг захиргаа, албан байгууллагын бүтэцд өөрчлөлт хийх, өөрсдийн баг бүрдүүлэх нэрийдлээр зохих мэдлэг мэрэгжилтэй, дадлага туршлагатай ажилтнуудыг олон тоогоор халж ажилгүй болгодог, оронд нь танил талынхаа болон хамаатан садныхаа хүмүүсийг, тэдний мэдлэг мэрэгжил, дадлага туршлага, мэрэгшил чадварыг үл харгалзан томилдог гажуудал нь манай улсын өнөөгийн Үндсэн хуулийн удиртгалд эрхэм зорилго болгосон шудрага ёсыг алдагдуулсан нэгэн тод томруун илрэл болоод байна.

Түүнчлэн төр засгийн удирдлагын дээд албан тушаалтнуудын нам, эвсэл, бүлэглэлийн талцал өрсөлдөөн, хувийн үзэл бодол, ашиг сонирхолын улмаас үүдсэн шудрага бус үйлдлүүд нь дараахи ноцтой сөрөг үр дагаварыг бий болгоод байна :

Нэгд, Монгол улсад эдийн засаг, нийгэм, экологийн өндөр ач холбогдолтой, улс орны хөгжлийн томоохон төслүүдийн талаар буруу зөрүү шийдэл гаргах, хэрэгжилтэд нь хориг саад учруулсаар байгаа болно.

Хоёрт, Монгол улсын төр засгийн бодлого зорилт, үйл хэргийн залгамж чанарыг гээгдүүлэх, тэгсэнээрээ улс орны, ард иргэдийн язгуурын эрх ашгийг хохироох зэргээр шудрага ёс журмыг хөсөрдүүлдэг явдал ердийн бөгөөд байнгын хэм хэмжээ болоод байна.  

Тэгэхээр Үндсэн хуулийн шудрага ёсыг дээдлэх, хангах зарчмын хоёр заалт хэрэгжихгүй эдүгээ хүрсэн, байнга зөрчигдсөөр ирсэний гол учир холбогдол, эх үүдэл бол төр засгийн бүх шатны байгууллага, тэдний албан тушаалтнуудын зохисгүй үйлдлээс болж байгаа гэдэг нь нийтэд тодорхой байгаа болно.

4. Ард иргэд төрийн хэрэгт шууд оролцох нөхцөл, механизм бүрэлдээгүй байна

Монгол улсад засгийн бүх эрх, ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэсэн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар арга механизмыг нь төрийн дээд байгууллага тогтоогоогүй байна. Тийм болохоор бодитойгоор хэрэгжээгүй, чихэнд чимэгтэй үгээр илэрхийлсэн тунхаг хэвээр үлдэж, даруй 25 жилийг өнгөрүүлж байна.

Ер нь ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэсэн Үндсэн хуулийн заалт нь угаасаа төрт ёсны удирдлагын үйл хэрэгт, нийгмийн амьдралд бодитойгоор хэрэгжих боломжгүй, эсвэл зохистой бус тунхаг төдий байж болох юм.  

5. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилго хэрэгжихгүй байна     

“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх заалт жинхэнэ ёсоороо хэрэгжиж чадаагүй байна. Тийм байдлыг товчхоноор томъёолох аваасу, манай улсын өнөөгийн эдийн засаг, нийгмийн амьдралын нэн хүндрэлтэй бодит байдал, төр засгийн дээд байгууллага, эдийн засгийн хөгжлийн удирдлага зохицуулалт, арга хэлбэрийг цогц шийдлээр оновчтой тогтоож чадаагүй байгаа зэрэг олон талт хам шинжээр илэрч байгаа болно.

6. Эмнэлэгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх заалт хэрэгжээгүй байна

Эмнэлэгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тухай Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 6 дахь заалт хэрэгжээгүй байна. Энэ нь манай улсын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 91 хувийг иргэд хувиасаа гаргаж байгаа тухай УИХ-ын мэдээлэлээр нотлогдож байна. Эдүгээ мэс заслын эмчилгээ асар өндөр үнэтэй байгаа учраас их хэмжээний мөнгө төлөх чадваргүй хүмүүсийн хувь заяа ямар байхыг төсөөлөх ч аргагүй юм.           

Уг нь ард иргэдэд үнэ төлбөргүй эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх буюу үнэ төлбөргүй эмчлүүлнэ гэдэг бол Монгол улсын нийгмийн хөгжлийн нэгэн чухал шалгуур хэмжүүр юм. Өмнөх Үндсэн хуулийн үед Монголын ард түмэн бүх төрлийн эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэж байсан билээ.

Ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэсэн заалт хэрэгжихгүй байна

Үндсэн хуулийн арван зургадугаар бүлгийн 7 дахь зарчмын заалтад “Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэсэн байгаа. Энэхүү монголын хүүхдүүд нийтдээ ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй суралцаж эзэмшинэ гэсэн утгатай заалт хэрэгжээгүй байна.        

Тийнхүү манай улсын нийгмийн хөгжлийн хамгийн чухал асуудлыг агуулсан зарчмын заалтын хэрэгжилт дутуу дулим байгааг “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн нэмэлт заалтаар хаацайлж таарахгүй болов уу.

Манай улсад сүүлийн хориод жилд хүүхдийн төрөлт өсөлттэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр байшинг зохих тоо хэмжээгээр барих үйл хэрэг үлэмж дутмаг байсан. Тийм байдлаас болж, манайд олон тооны сургуульд 3 ээлжээр, нэг өрөөнд 40-50 хүүхэд хичээллэдэг, улмаар хичээл, сургалтын чанар муудсанаас шалтгаалан хувийн сургуулиуд олноор байгуулагдахад хүргэсэн гэж болно.

Боловсролын сайд 2016 оны 1 дүгээр сард УИХ-ын чуулганд ерөнхий боловсролын сургуулийн бараг 50 хувь нь хувийн сургууль байгаа гэж мэдэгдэж байсан.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сурлагын чанарт санаа тавьж, аргагүйн эрхэнд хувийн сургуулиудад асар өндөр зардлаар сургаж байгаа явдал нь цөөвтөр тооны баян чинээлэг гэр бүлээс бусад, дунд хэрийн амьжиргаатай олон тооны гэр бүлийн хувьд ч амьдрал ахуйд нь хүндрэлтэй байдаг болов уу.

Өнөө үед ерөнхий боловсролын хувийн сургуульд хүүхдийн сургалтын төлбөрийн хэмжээ нь, их, дээд сургуулиудын оюутны сургалтын төлбөрөөс хэд дахин өндөр байгаа бөгөөд байнга өсч нэмэгдсээр байдаг бололтой.

Тийнхүү ерөнхий боловсролын хувийн сургуульд хүүхдүүдээ сургадаг эцэг эхчүүд 12 жилийн турш сургалтын өндөр төлбөр төлнө гэдэг ямар хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой юм.

Монгол улс өмнөх Үндсэн хуультай бөгөөд социалист буюу нийгмийн баримжаа бүхий тогтолцоотой байсан үед ерөнхий боловсролын төдийгүй, их дээд сургуулиуд нийтээрээ төлбөргүй байсан.

Түүнчлэн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс буюу социалист нийгмийн тогтолцоотой байсан Зүүн Германы бүх шатны сургуульд сурагч, оюутны сургалтын төлбөр байгаагүй. Тийм болохоор Баруун Герман улс ч гэсэн бүх шатны сургууль нь мөн төлбөргүй байсан бөгөөд Зүүн, Баруун Герман хоёр улс нэгдсэн өнөөгийн Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ч гэсэн эдүгээ ерөнхий боловсролын болон их сургуулиуд төлбөргүй байгаа болно.  

8. Төр, шашныг тусгаарлана гэсэн заалт зөрчигдсөөр байна

Үндсэн хуульд төр, шашныг тусгаарласан утгатай “Монгол улсад төр нь шашны үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалт (есдүгээр зүйлийн 2 дахь заалт) байгаа болно. Манайд төр засгийн байгууллага ямар нэгэн төр улсын чанартай арга хэмжээ, үйл ажиллагаа явуулахдаа сүм хийдийг оролцуулан лам нар авчирч ном хуруулах шашны зан үйл явуулж байдаг нь Үндсэн хуулийг зөрчсөн үйл хэрэг гэж ойлгогдохоор байгаа болно.

9.  Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ гэсэн заалт зөрчигдөж байгаа                  

“Mонгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шудрагаар сахин биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалт зөрчигдөх явдал гардаг байна. Жишээ нь: Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хооронд 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)”-т : “Хоёр орны  Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад үргэлжлүүлэн хамтарч ажиллана” гэсэн заалтыг манай улсын Засгийн газар  хэрэгжүүлэхиийн эсрэг сөрөг хандлага, үйлдэл хийсээр хэдэн жилийг өнгөрүүлж байгаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын сөрөг хандлагын улмаас “шийдлийн” хэмээн нэрийдсэн Засгийн газрын Ерөнхий сайд, Аж үйлдвэрийн сайд нар уг Төслийг хэрэгжүүлэх явдлаас татгалзаж буй зохисгүй үйлдлээс шалтгаалж, Үндсэн хуулийн тухайн заалт хэрэгжихгүй зөрчигдөж байна.

10.  УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ шууд сонгох заалтыг зөрчсөн явдал нь ардчилалын зарчмыг илт ноцтой гажуудуулсан хэрэг    

“Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэсэн Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг УИХ-ын 2012 онд гаргасан Сонгуулийн тухай хуулиар зөрчсөн, тэгсэнээр өнөөгийн УИХ  Үндсэн хуулийн зарчмын бусаар байгуулагдсан болж таарна.

Тийм байдал нь Монгол улсад ардчилсан нийгмийн хамгийн гол зарчим алдагдсаны тод томруун илрэл юм.

Мөн энэ удаагийн сонгууль явуулах хуулиар бас л Үндсэн хууль дахь УИХ-ын гишүүнийг нийтээрээ шууд сонгох тухай заалт дахин зөрчигдөх, улмаар даруй 8 жилийн турш зөрчигдөж хэрэгжихгүй болоход хүрэх төлөвтэй болоод байна.

Харин Үндсэн хуулийн цэц хэд хоногийн өмнө Дунд суудлаараа УИХ-ын гишүүдийн 28 хүнийг иргэдийн саналаар сонгуулахгүй, намуудын үзэмжийн жагсаалтаар оруулах явдлыг Үндсэн хуулийн дээр дурьдсан заалтыг зөрчсөн тухай шийдвэр гаргасан явдал нь Үндсэн хуулийг чандлан сахиулах, дээд хяналт тавих эрх, үүргээ биелүүлж буй

Хэрэв хууль санаачлах эрх бүхий зарим хүмүүс УИХ-ын сонгуулийг холимог тогтолцооны хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үздэг бол эхлээд Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг өөрчлөх асуудлыг шийдүүлчихээд, дараа нь УИХ-ын Сонгуулийн тухай хуульд УИХ-ыг иргэдийн шууд санал хураалтаар болон намын жагсаалтаар бүрдүүлэх тухай заалт оруулах талаар ухаардаг баймаар юм.                      

11. Төр засгийн эрх баригчид Үндсэн хуулийн хэрэгжилтийгхангах нөхцлийг бүрдүүлээгүй бололтой

Дээр дурьдсанаар, Үндсэн хуулийн манлайд нь удиртгал болгож, Монголын ард түмэн бидний даяар олноороо зарлан тунхагласан эрхэм зорилгууд болон Монгол улсын бүрэн эрхт байдал, дэвшил хөгжлийн мөн чанар, шинж төрхийг бүрэлдүүлэн төлөвшүүлэх нийгэм-эдийн засгийн зорилтуудынх нь биелэлт хангалтгүй байгаа явдал нь Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 25 дахь жилдээ орж байгаа хэдий ч, уг Үндсэн хуулийн суурь агуулга бодит биелэл болж хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлт урган гарч байна.

Тийнхүү Монгол улсад нийгмийн шинэ хэвшил төлөвшлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн Үндсэн хуулийн суурь агуулгыг илэрхийлэх учиртай эрхэм зорилгууд, үндсэн зорилтууд хэрэгжээгүй явдал нь юунаас шалтгаалсан, ямар учир холбогдолтой байгаа талаар эргэцүүлэн шинжиж үзэх аваасу, дараахи зарчмын дүгнэлт гарах төлөвтэй байна. Тухайлбал :

1. Улсын Их Хурлаар батлагдсан зарим хууль тогтоомж нь Үндсэн хуулийн эрхэм зорилго, үндсэн зорилтуудыг хэрэгжих боломжгүй болгосон явдлаас шалтгаалсан. 

2. Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн нийгэм-эдийн засгийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх материаллаг бааз суурийг улсын төсөв санхүүгээр бүрдүүлээгүй явдал гол сөрөг нөлөөтэй байсан.

3. Засгийн газар, “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2.1 дэх заалтын эрх үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн зэрэг явдалтай холбоотой байгаа болно.

12. Үндсэн хуулийн цэц эрх үүргээ дутуу дулим гүйцэтгэж ирсэн бололтой

 Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийг чандлан сахиулах батлагаа болж байх эрх, үүргээ дутуу дулим гүйцэтгэж ирсэн явдалтай холбоотой байж болох юм.

Үндсэн хуулийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн тавдугаар бүлгийн жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу Үндсэн хуулийн цэц бол дараахи үндсэн гурван эрх үүрэгтэй байх ёстой байна. Тухайлбал : нэгд, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, хоёрт, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, гуравт, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх үүрэг бүхий байгууллага байхаар тогтоожээ. Гэтэл Цэц нь зөвхөн иргэд, албан тушаалтан, бхйгууллагаас Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа тухай мэдээлж өргөдөл гаргасан тохиолдолд л асуудлыг авч үздэг байна. Тийм болохоор өнөө хүртэл Үндсэн хуулийн эрхэм зорилго, зорилт хэрэгжээгүй, зарчмын заалтууд нь зөрчигдсөөр ирсэн байна.    

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц нь дээрх зарчмын гурван эрх, үүргээ иж бүрнээр нь биелүүлсэнээр Үндсэн хуулийг чандлан сахиулах батлагаа хангагдах нөхцөл бүрэлдэх болно гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар хэрэгсэхгүй болгодог журам тогтоод байна. Тийм заалт Үндсэн хуулийн “Монгол Улсын Их Хурал”,  “Монгол улсын Үндсэн хуулийн цэц” гэсэн хоёр бүлгийн алинд нь ч байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүд үзэмжээрээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгодог явдал нь нэгд, Үндсэн хуулийг зөрчсөн буюу Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүргээ биелүүлэх боломжийг мөхсдүүлсэн үйлдэл болсон, хоёрт, Үндсэн хуулийн эрхэм зорилго, үндсэн зорилтын хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй байж болох юм гэдгийг анхаарууштай байна.   

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Академич Т.Намжим