"Гааль, Татварын ерөнхий газар" ямар байдлаар ажиллах вэ?
Хуулийн нэр: Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр: 201-11-27
Батлагдсан он.сар.өдөр: 2015.12.18
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016.01.01
Хуулийн бүтэц: 5 бүлэг 15 зүйлтэй
Энэ хуулиар Гааль болон Татварын алба нэгдсэний дараа ямар эрх, үүрэг, бүтэц, зохион байгуулалттай ажиллахыг зохицуулжээ.
Хууль ёсоор “Гааль, татварын ерөнхий газар” гэсэн нэртэй байгууллага бий болж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
... Өмнө нь татварын улсын байцаагч, гаалийн улсын байцаагч гэж нэрлэдэг байсныг больж “улсын байцаагч” гэж хамтатган нэрлэх болов ...
“Гааль, татварын нэгж” гэсэн ойлголтод тус газрын харьяа гаалийн газар, хороо, салбар, аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын газар, хэлтэс, тасгийг хамруулан ойлгоно. Харин “хураагч” гэдэг нь улсын байцаагчийн эрх аваагүй, туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж буй татварын ажилтан юм. Хураагч бие даан татварын хяналт, шалгалт хийх эрхгүй юм байна.
... “Гааль, Татварын ерөнхий газар” нь дарга, асуудал эрхэлсэн гурваас дээшгүй дэд даргатай байна ...
Анх Засгийн газраас хуулийн төсөл боловсруулахад Гааль, Татвар, Хилийн боомт хариуцсан гурван дэд даргатай байна гэж тусгасан байсан ч батлагдсан төсөлд энэ талаар тусгаагүй байна.
Тус газрын даргыг Сангийн сайдын саналыг үндэслэн Засгийн газраас томилно. Харин дэд дарга нарыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэж, Сангийн сайд томилох эрхтэй. Гааль, татварын нэгжийн дарга нарыг томилох, чөлөөлөх асуудал тухайн газрын даргын мэдэлд байна.
“Гааль, татварын ерөнхий газар” өөрийн чиглэлээр дэргэдээ сургалтын байгууллага, улсын төсвийн орлого, хяналтын нэгж, гаалийн лаборатори, эрэлч нохойн алба, мэдээллийн технологийн нэгж байж болно гэж заажээ. Түүнээс гадна ерөнхий газар, түүний нэгжүүдийн дэргэд татварын асуудлаар иргэд, байгууллагаас ирсэн гомдлыг шийдвэрлэх “Маргаан таслах зөвлөл” ажиллана. Зөвлөл байнгын бус ажиллагаатай байна.
... Чиг үүргийн хувьд Гааль, Татварын байгууллага нэгдсэн удирдлагатай болсон ч гэсэн өөр өөрийн хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, өмнө гүйцэтгэж байсан чиг үүргүүдээ гүйцэтгэх болно ...
Энэ хуулиар өөрчлөгдсөн гэж болохоор нэг зүйл бол Гааль, Татварын ерөнхий газар хэмээх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагын бүрэн эрх нь илүү өргөжиж гааль, татварын асуудлыг нэгэн зэрэг хариуцах болсон явдал юм.
Хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч хэрэгжилт удаашралтай байна.
.... Тухайлбал Гааль, Татварын ерөнхий газар хэдэн дэд даргатай байх, ажилтнууд нь нэг дүрэмт хувцастай болох уу, эсвэл хуучин дүрэмт хувцасаа өмсөх үү гэдэг тодорхойгүй ....
Мөн албан ёсны цахим хуудас ажиллаж эхлээгүй байна. Энэ мэт асуудлыг хуульд заасны дагуу Гааль, Татварын ерөнхий газрын дарга шийднэ.