Олон улсын түвшинд нийцсэн нягтлан бодохын хуультай боллоо
Өнгөрсөн онд УИХ-аас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Мэргэжилтнүүдийн үнэлж буйгаар тус хууль нь энэ салбарынхны санал бодлыг бодитой тусгасан, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн баримт бичиг болсон гэж үзэж байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд ямар онцлог заалтууд орсныг сонирхоё.
Аж ахуйн нэгж, байгууллага хэмжээ болон өмчийн хэлбэрээсээ хамаарч санхүүгийн тайлагналын олон улсын, жижиг, дунд, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, улсын секторын гэсэн санхүүгийн тайлагналын гурван түвшний стандартыг мөрдөнө хэмээн ялгавартайгаар тогтоож өгсөн нь шинэчилсэн хуулийн нэгэн давуу тал байв. Нэг үгээр хэлбэл мэргэжлийн стандартуудад хувьсгал гарсан хууль болов.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг монгол хэлээр хөтлөх бөгөөд гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнана. Холбогдох төрийн байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил үйлчилгээгээ гадаад валютаар бүртгэж болно, гэхдээ тайлангийн үзүүлэлтээ төгрөгөөр илэрхийлэх ёстой. Тухайн компани охин компаниудтай бол санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр шаталсан бүтэцтэй бол дээд шатны толгой компани нь нэгтгэсэн тайлан гаргана. Хэрэв дээд шатны толгой компани гадаадад бүртгэлтэй бол Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудын хамгийн том нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана гаргана гэсэн заалтууд уг хуульд оржээ.
Түүнчлэн энэ хуулийн нэгэн онцлог нь санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүргэхээр хуульчилсан явдал юм. ААН, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэж баталгаажсан санхүүгийн тайлан нь татварын байгууллагаас татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан байгууллага тэрхүү тайлан мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулан ашиглаж болно. ААН, байгууллага нь зөвхөн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт өөрийн цахим хуудсанд байршуулж олонд дэлгэнэ.
Төрийн нүсэр бүтцийг багасгах ухаалаг төрийн үзэл санаа ч бас энэ хуулинд шингэсэн байна. Тухайлбал нягтлан бодох бүртгэлийн талаар Засгийн Газрын өмнө нь хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг Мэргэшсэн нягтлан бодогчдын Институт гэсэн төрийн бус байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ. Институт нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэргэжлийн ёс зүйн дүрэм батлах, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт орчуулах, үндэсний стандарт боловсруулах, тайлбар, зөвлөмж, арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах зэргээр цэвэр мэргэжлийн хүрээнийг ажлыг хариуцахаар болов. Түүнээс гадна мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох эрхийг Институтэд өгчээ.
Энэхүү институтийн хувьд байгуулагдаад 20 жил болсон, орон нутгуудад салбартай, 4000 шахам мэргэшсэн нягтлан бодогч, 117 аудитын компани бүхий гишүүнчлэлтэй, Монголын мэргэшсэн нягтлан бодохын салбарын гол байгууллага юм.