НӨАТ-ын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадвал хувь хүн, хуулийн этгээдэд олон боломж нээлттэй байна
2016.02.18

НӨАТ-ын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадвал хувь хүн, хуулийн этгээдэд олон боломж нээлттэй байна

Бүх төрлийн импорт, экспортын бараа бүтээгдэхүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах татварыг энэ хуулиар зохицуулах юм.

Хуулийн нэр: НӨАТ-ын тухай /шинэчилсэн найруулга/

Батлагдсан он.сар.өдөр: 2015.07/09

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016/01/01

Хуульд албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч гэсэн хоёр ойлголтыг нэгэн зэрэг авч үзсэн байна. Ингэхдээ зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд зориулан импортоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг оруулж ирсэн хувь хүнийг албан татвар төлөгч гэж тодорхойлж байна.

Тэгвэл үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн татвар төлөгчийг албан татвар суутган төлөгч гэж хуульд заажээ. 50 сая гэсэн босгод тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг дараах тохиолдолд ногдуулахгүй юм байна. Үүнд:

Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал урамшуулал

Хуулийн гуравдугаар бүлэгт албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нэр төрлийг ерөнхийд нь болон нарийвчлан зааж өгсөн байна. Хэрэв та дараах төрлийн бизнес эрхэлдэг, үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ ногдуулах юм байна.

-Нотариатын үйлчилгээ

- Өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах

-Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ

-Цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх

-Бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах

-Зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах

-Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах

-Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, програм хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах

-Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом цуглуулах, үйлчилгээ үзүүлэх

-Зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад

-Бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах

-Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ

-Төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал

-Шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх

-Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ

-Үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, хими цэвэрлэгээ

Эрхэлж буй бизнес, орлого олсон хэлбэрээсээ шалтгаалан албан татвар тооцох үнэлгээ нь харилцан адилгүй байна. Тухайлбал, импортын барааны албан татварыг тооцохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татварын, онцгой болон бусад албан татварыг нэмж тооцох юм байна.

Хуулийн тавдугаар бүлэгт албан татварын хувь хэмжээг зааж өгсөн бөгөөд энэ дагуу дотоод зах зээлд худалдан борлуулж буй бүх төрлийн ажил үйлчилгээ, импортын бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний 10 хувийн татвар ногдох бол Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд 0 (тэг) хувийн татвар ногдуулна гэж заажээ. Импортоор оруулсан эсвэл үйлдвэрлэн борлуулсан автомашин, дизель түлшинд ногдуулах татварын хувь хэмжээг 0-10 хувьд багтаан Засгийн газар тогтоох юм байна.

Мөн хуулийн зургадугаар бүлэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу. Учир нь энэ бүлэгт албан татвараас чөлөөлөх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр төрлийг жагсааж өгчээ. Эдгээрээс онцлон дурдах бараа:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл

-Орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого

-Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис

-Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын илгээмж

-Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

НӨАТ-аас чөлөөлөх онцлон дурдах үйлчилгээ:

-Орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ

-Боловсрол, эрүүл мэнд, шашин, төрийн байгууллагын үйлчилгээ, нийтийн тээвэр, гадаадын жуулчдыг аялуулах зуучийн үйлчилгээ, соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ

-Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил үйлчилгээ борлуулсан этгээд

Нөгөө талаас албан татварт хасалт хийх гэсэн ойлголт байна. Ингэхдээ хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэж заажээ.

Энэ хуулийн 15-р зүйлд бидний өдөр тутмын амьдралд шинэ хэвшил болж буй нэгэн зүйлийг суулгаж өгсөн нь албан татварыг буцаан олгох тухай заалт юм. Хэрэв та аливаа нэг бараа, ажил үйлчилгээг НӨАТ төлөгч байгууллагаас худалдан авсан, тухайн худалдан авалт нь татварын албанд бүртгэгдсэн, албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бүртгэлийн системд бүртгэгдсэн тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах боломж бүрдэж байгаа юм.

Хуулийн есдүгээр зүйлд та бидний мэдэх болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн үүргийг зааж өгсөн байна. Мөн албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн системтэй байх бөгөөд системд ирүүлсэн мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн систем рүү илгээх заалттай.

Хэрэглэгчийн системд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага нь бараа, ажил үйлчилгээ борлуулсан тохиолдол тутамдаа төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох юм.