Байнгын хорооны дарга Ч.Улаан Гааль, татварын ерөнхий газарт ажиллав
2016.04.15

Байнгын хорооны дарга Ч.Улаан Гааль, татварын ерөнхий газарт ажиллав

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өнөөдөр /2016.04.14/ байнгын хорооны ажлын албаны хамтаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллав.  

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн явц, ажил байдалтай танилцахаар ажиллаж байгаагаа хэлэв. Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулж байгаагаа танилцууллаа. 

 

Үүний дараа цахим төлбөрийн баримтын системийн ерөнхий үйл ажиллагааны талаар Гааль, татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга танилцуулав. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 12.000 ширхэг кассын төхөөрөмж ашиглагдаж байсан. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 36.628 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж ашиглагдаж байна. Үүний 7700 ширхэг нь орон нутагт, нийслэлд 28910 ширхэг нь ашиглагдаж байгаа юм байна. Гэхдээ төхөөрөмж тус бүрийг нэг аж ахуйн нэгж гэж ойлгох боломжгүй, томоохон хэмжээний байгууллага 200 хүртэлх тооны кассын төхөөрөмж хэрэглэж байгааг хэлж байв. 

Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд улсын хэмжээнд 47000 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэх төхөөрөмж байх шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагуудаас гаргасан байдаг байна. Хуулиар НӨАТ-ын төлөгч хэмээн тодорхойлогдсон 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 100 хувь кассын төхөөрөмжтэй болсон бөгөөд төхөөрөмж нэвтрүүлэх зорилт 71 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Харин  жижиглэн худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвүүд кассын төхөөрөмж ашиглахгүй байгаа бөгөөд гүйцэтгэлийг 100 хувьд хүргэхийн тулд дахин 10.000 орчим цэгт энэ төрлийн төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлага бий гэв. 

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 43 сая ширхэг НӨАТ-ын баримт хэвлэгдсэн гэдэг тооцооллыг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн бөгөөд системийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 603 мянга болж өсчээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалаа хэлбэрээр идэвхжүүлэх хоёр төрлийн урамшууллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 8 удаа сугалааны тохирлыг зохион явуулсан ба нийт 86138 иргэнд 3.5 тэрбум төгрөг олгох үүрэг хүлээгээд байгаа. Иргэд баримтаа бүртгүүлж, албажуулсан тохиолдолд Төрийн сангаар дамжуулан шилжүүлэх юм байна. Хуулийн уг зохицуулалтад иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа ба иргэдийн идэвхийг ebarimt.mn цахим хуудасны хандалтаас харах боломжтойг мөн хэллээ.  

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв энэ үеэр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор олон нийтийн дунд яригдаж буй ташаа ойлголтуудын талаар албан ёсны тайлбар хийв. Тухайлбал, НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж хэт өндөр үнэтэй байгаагаас аж ахуйн нэгжүүдэд тодорхой бэрхшээл учирч байна гэдэг ойлголт түгээмэл бий. Хууль анх хэрэгжих эхлэх үед буюу 2016 оны 01 дүгээр сард кассын төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгч 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв. Харин өнөөдөр 50 орчим байгууллага энэ чиглэлийн бизнес эрхэлж байна. Үүний үр дүнд төхөөрөмжийн сонголт өргөн болж, үнийн хувьд 70.000-2.000.000 төгрөгийн хооронд байгааг хэллээ.

Үүний зэрэгцээ кассын төхөөрөмж хэрэглэхэд зардал их гарч байгаа талаарх шүүмжлэл гарч байгаа ч нэг баримтыг хэвлэхэд 5.63 төгрөгийн зардал гардаг байна. Тиймээс ач холбогдол, үр дүнг тооцон иргэд, аж ахуйн нэгжүүд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай гэв. Мөн аж ахуйн нэгжийн зүгээс хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд бараа, үйлчилгээнийхээ үнийг тодорхой хувиар нэмэх шаардлагатай байна гэдэг тайлбар хийж байгаа. Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн баталснаар татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй гэдгийг тус газрын дарга С.Пүрэв онцлон тэмдэглэв.

 

НӨАТ 10 хувь байгаа бөгөөд урьдын адил НӨАТ-ын төлөлтөөс хасалт хийдэг боломж хэвээрээ үргэлжилж байгааг хэлж байсан юм. Татварын хувь хэмжээ болон татвар ногдуулдаг аргачлал өөрчлөгдөөгүй учраас хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бараа, ажил, үйлчилгээний үнэ нэмэгдэх ямар ч үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

Түүнчлэн цахим системд бүртгүүлсэн баримтын дүнг үндэслэн хувь хүнийг мөрдөж мөшгих, зарлагад ногдуулан орлогыг тайлагнуулах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн дунд бий. Монгол Улсын хууль эрх зүйн орчинд хувь хүний зарлагад ногдуулан орлого тооцох зохицуулалт байдаггүй учир дээрх мэдээлэл нь ор үндэсгүй юм байна. Хувь хүн болон аж ахуйн нэгжүүд татвар ногдуулах орлогоо өөрсдөө тодорхойлон тайлагнасныг үндэслэн хяналт, шалгалт хийгддэг болохыг тайлбарлав. Мөн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар мэдээлсэн. 

 

Байнгын хорооны дарга Ч.Улаан мэргэжилтнүүдийн танилцуулга, тайлбар, мэдээлэлтэй холбогдуулан үг хэлэв. Тэрээр, Төсвийн байнгын хороо холбогдох чиглэлийн хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэн боловсруулах, батлуулах ажлыг хариуцан ажилладаг. Үүний зэрэгцээ батлагдсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй мэргэжлийн байнгын хороо юм. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг шалгахаар тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Эхний ээлжинд Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж байна. Үргэжлүүлэн орон нутагт ажиллана. Ирэх долоо хоногт Байнгын хорооны ажлын албаны хамтаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дахь нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, хуулийн хэрэгжилтийг шалгахаар төлөвлөөд байна. 

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь татварын системд хийгдэж буй шинэчлэлийн эхлэл учраас татварын бусад хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжих механизм өөрчлөгдөн боловсронгуй болох учиртай. Энэ агуулгаараа Улсын Их Хурлын байнгын хороон дээр татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлуулах зорилготой ажиллаж байна. Та бүхний танилцуулсан тайлангаас үзэхэд хуулийн хэрэгжилт сайн гэж дүгнэж болох юм. Зүй тогтол нь зөв байгаагийн үр дүн гэж харах хэрэгтэй. Хуулийн ач холбогдлыг өргөн агуулгаар нь үзвэл татварын бааз суурийг өргөтгөх, татварын систем, тогтолцоогоо эрүүлжүүлэх замаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, ард иргэд, хэрэглэгчдийн хяналтыг бий болгох юм. Тиймээс Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо онцгой анхаарч ажиллаж байгааг зориуд дурдан хэлэх нь зүйтэй. 

Хуулийг хэрэгжүүлсэн эхний улирал амаргүй байсан, иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал, шүүмжлэл, гомдол нэлээд гарсан. Буруу, ташаа мэдээлэл ч олон нийтийн дунд түгсэн байна. Харин Гааль, татварын ерөнхий газар үүнд анхаарал хандуулж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй ажил бөгөөд үр дүнд хүрч байгаа гэж харж байна. С.Пүрэв даргын хэлснийг бататган хэлэхэд, НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдээгүй, өмнө нь хэрэгжиж байсан татварын хууль эрх зүйн орчинд ердөө шинэ систем нэвтрүүлж байна. Тиймээс өмнө нь хуулийн дагуу татварт хамрагддаггүй байсан, шат шатандаа хасалтаа хийлгэн НӨАТ-аа тооцуулж, нөхөн олговороо авч чаддаггүй байсан аж ахуйн нэгжүүдийн татварын харилцаанд өөрчлөлт гарч байгаа юм шиг ойлгогдож байгаа. Үүнийг хүндрэл гэж харж, тайлбарлаж болохгүй гэдгийг хэллээ. 

 

Ийнхүү Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, байнгын хорооны ажлын албаны мэргэжилтнүүд, Гааль, татварын ерөнхий газрын удирдлагууд татварын эрх зүйн орчны шинэчлэл, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудал, Татварын багц хуулийн шинэчлэл, Гааль, татварын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны талаар ярилцан, харилцан санал солилцовхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.