Сайн эсвэл муу хууль болохыг нийгэмд амьдрах чадвар нь харуулна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд өмнөх хуулиас ямар дэвшилтэт санаа, зүйл заалтууд туссан байна? Энэ хууль гарснаар ямар үр дүн авчрах бол?
Манай улсын эрх зүйн хөгжлийн хувьд хууль тогтоомжийн шинэчлэл эрх зүйн салбарт хийгдэж байна. Хууль гэдэг бол нийгмийн харилцааг урьдач байдлаар оновчтой харж байж л тогтвортой хэрэгждэг. Нөгөө талаараа хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга орох нь нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гардаг.
Хууль зүйн шинжлэх ухаанаас бусад шинжлэх ухааны хөгжил ч чухал түлхэц болж байдаг. 2016 оны хоёрдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хувьд тухайн салбарын бүтцийн хувьд өөрчлөлт орохуйц, төрийн байгууллагын чиг үүргийг нэгтгэсэн хууль болсон гэж харж байна. Хуулийн давуу тал энэ гэж шууд тодорхойлох боломжгүй. Учир нь хууль санаачлагчийн хүсэл зориг, хэрэгжилтийн практик явцад хуулийн ач холбогдол, сул тал нь тодрон гардаг.
Батлагдаагүй байгаа хуулийн энэ нь сайн, тэр нь муу гэж хэлэх нь хуулийн үзэл санааг унагах магадлалтай байдаг.
Мөн хуулиас аль нэг зүйл заалтыг салган авч тайлбарлах, дүгнэсний үндсэн дээр хуулийн үзэл санааг бүрэн утгаар нь илэрхийлнэ гэвэл ихээхэн учир дутагдалтай.
Өмнө нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль сахиулах үйл ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” гэж гурван салангид хууль өргөн мэдүүлж байсан. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав эдгээр хуулийг нэгтгэн нэг хууль болгосон энэ нь ямар ач холбогдолтой гэж үзэж байна?
Хууль санаачлагч нь Х.Тэмүүжин, Д.Дорлигжав гэж хувь хүнийг тодотгох гэхээсээ илүүтэй хуулийн үзэл санаанд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хууль гэдэг цаасан дээр буусан төрийн хэм хэмжээ тогтоох баримт бичиг болохоос биш улстөрийн нөлөө, албан тушаалын хүсэл зоригоос хамааралгүй байх учиртай.
...“Үдээтэй цаас мэт харагдах хуулийн хүчин чадал мэргэшсэн хуулчийн оюунаар амилдаг” гэж гавъяат хуульч, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн анхны дарга Г.Совд хэлж байсан. Энэ нь хуулийн уг сурвалж, хэрэглээг хуульчдын ур ухаан гаргаж ирнэ гэсэн утга...
Хуулийн зорилт нь нийгмийн ямар төрлийн харилцааг зохицуулахыг хэлж өгдөг. Жил тутам нийгмийн харилцааны хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор эдгээр харилцааг зохицуулах бие даасан хуулиуд гарсаар байна. Тиймээс сайн, муу хууль болохыг тухайн хуулийн нийгэмд амьдрах чадвар л харуулна.
Ардын багш, хуульч Б.Чимид агсан “... нийгмийн бүхий л харилцаанд оролцож, хууль тэгтлээ сул дорой болж болохгүй. Мөн нөгөө талаар хуулийг хаа гуяар нь салгаж байгаа мэт аливаа асуудалд тохируулан тогтоох нь буруу ...” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид хуулийг амин сүнстэй бөгөөд урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой байхаар тооцоолон батлах хэрэгтэй.
Ял шийтгэх үйл явцыг процессийн хууль гэж нэрийдээд байна? Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
Яахав, эрх зүйн хэм хэмжээг ерөнхийд нь материаллаг болон процессийн гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Нэг нь горим тогтоосон, нөгөө нь тухайн үйл явцыг журамласан байх гэдгээрээ ялгаатай.
Материалаг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс түүнийг даган процессийн хууль гардаг. Шүүхийн онцгой эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу түүний хэрэгжилтийг хангах процессийг хамааруулан ойлгож байх талтай.