Ихэр хуулийн ижил зорилго
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.05.03

Ихэр хуулийн ижил зорилго

Бид өнгөрсөн онд дэлхийн 139 оронтой 11 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь өмнөх 2013 онтой харьцуулахад 3.6 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам.долларын ашигтай гарсан хэдий ч төлбөрийн урсгал тэнцэл -321 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Энэ нь түлш, шатахуунаа 100 хувь импортоор авдаг, мөн хүн ам хэрэгцээт бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдэд тулгуурласан нь эдийн засаг эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгосон аж.

Нөгөө талдаа худалдааны эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай ч холбоотой юм. Тиймээс Засгийн газраас Худалдааны тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн ч давхардаад УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Дэмбэрэл нар “Худалдааг зохицуулсан” хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж олонхийн дэмжлэгээр хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо.

Хоёр хуулийн төсөлд “худалдаанд” дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, хөнгөвчлөх, худалдааг дэмжихэд ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга, механизмыг бүрдүүлж өгсөн аж. Түүнчлэн худалдаанд оролцогч талуудын эрх үүргийг илүү тодорхой болгосноор хариуцлагын тогтолцоог бий болгосон аж.

Ингэхдээ олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, дотоод худалдааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зэрэг тал талын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэхүү төслийг боловсруулсан юм байна.

Тиймээс гадаад худалдааг зөвхөн хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр хийхээр заалт оруулж өгчээ. Ингэхдээ оюуны өмч зөрчих ёсгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас үзвэл: Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс зохих шаардлагуудыг тавих зохицуулалт туссан аж.

Оймсны импорт чухал уу, пампарсны импорт чухал уу

Хуулиудыг чуулганаар хэлэлцэх үеэр уламжлал ёсоор гишүүд асуулт тавьж хариулт сонссон. Энэ үеэр гишүүдийн тавьсан нэг асуултад хоёр хариулт байсан сонирхолтой байлаа. Учир нь хоёр хуулийг зэрэг хэлэлцсэн тул засгийн газраас өргөн барьсанд нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, гишүүдийн өргөн барьсанд Я.Содбаатар болон С.Дэмбэрэл гишүүд хариулж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хууль батлагдсаны дараа журам батлагдахаар хуулиасаа давдаг зүй тогтол бий. Хуулийн төсөлд төрийн оролцоо, төрийн хяналт зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг, өгүүлбэр байна.

Төр аман дээрээ баялаг бүтээгчдээ дэмжинэ гэчихээд дүрэм журам гаргахаар эсрэгээр үйл ажиллагааг нь боомилдог, дарамталдаг, зөвшөөрөл лицензийнх нь тоог нэмдэг. Хяналтын давхцал бий болгодог. Ийм зүйл рүү орчихвий, анхаараарай.

Стандартаар битгий шахаасай. Бөөний худалдааны байршлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тогтооно гэж... Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тогтоох нь. Суман дээрх жижиглэнгийн худалдааг сумын ИТХ тогтоох нь. ИТХ-аас гаргадаг журмууд нь өөрсдийнхөө хараат болгох гэсэн журам гардаг. Хэзээ ч лицензийн тоог цөөрүүлсэн журам гардаггүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас өгсөн судалгаа байна. Монгол Улс худалдааны зохицуулалтаар 2015 онд дэлхийн орнуудаас 173-т жагсаж... 

Авлигад идэгдсэн, хөгжил буурай Африкийн орнуудын дунд цохиж явна. Үүнд хил, гаалийн байгууллага уялдаа холбоогүй, хүнд суртал нөлөөлсөн.  

Энэ хуулийн өмнө Эдийн засгийн өршөөлийн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын шинэчлэлийн хуулиудаа батлах шаардлага байна. Хүнээ цомхотгоогүй нэг ч аж ахуйн нэгж байхгүй байна. Худалдааны тухай хууль нь төрийн оролцоо багатай батлагдахыг хүсч байна, хуулийн төслийг дэмжиж байгаа” гэдгээ хэллээ.

Харин жижиг аж ахуй нэгждээ хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн. Тэрээр “Жижиг аж ахуйн нэгжүүд байр түрээсэлж үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл түрээсийн үйл ажилалагаа эрхэлдэг нөхдүүд нь байсхийгээд талбайн үнээ нэмдэг, дарамталдаг.

Дээр нь Мэргэжлийн хяналт, татварынхны дарамт шахалт дор үйл ажиллагаа явуулах болдог. Жижиг, аж ахуйн нэгждээ тодорхой бололцоо олгох, хөнгөлөлт эдлүүлэх боломжтой байх зохицуулалттай хууль баталбал сайн байна” гэлээ.

Ерөнхийд нь авч үзвэл хоёр талаас өргөн барьсан зорилгын ижил хуулийн төслийг ихэнх гишүүд дэмжлээ. Нөгөө талдаа хуулийн зохицуулалт маш чухал гэдгийг ихэнх гишүүд хэлж байв. Учир нь маш сайн хууль боловсруулан гаргадаг ч зохицуулалт болон хэрэгжүүлэгч байдлаа бүрэн хангадаггүйгээс “гурав хоног” гэх нэрийг зүүдэг нь их билээ.

Түүнчлэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Япон зэрэг оронд экспорт нь төрийн хяналтад байдаг.  Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ борлуулах тухай ойлголт байдаггүй, гадаад зах зээлийн судалгаанд үндэслэдэг, төрд ийм суваг байх зайлшүй шаардлагатай. Тэр тусмаа Монголын хувьд стратегийн бүтээгдэхүүний хүрээнд төрийн зохицуулалт шаардлагатай.

Хамгийн ойрхон жишээ татвал Монгол Улсад өнөөдөр гурилын 89 үйлдвэр, эм ханган нийлүүлэг 85 байгууллага байна. Импортын болон тансаг хэрэглээнд зохицуулалт хийх шаардлагатай гэдэг дээр Аж үйлдвэрийн яамтай санал нэг байна. Одоо бид оймсны импорт чухал уу, пампарсны импорт чухал уу гэдгийг бодолцох цаг болсон” гэсэн юм.

Харин засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол Улсын импортын барааны төрлийг авч үзвэл 1.5 тэрбу м ам.долларыг авто машин буюу тансаг хэрэглээнд, 1 тэрбум ам.долларыг барилгын материал болох цемент зэрэгт, хүнсэнд 300 сая ам.долларыг зарцуулж байна. Валютын ихэнх нь тансаг хэрэглээ болсон автомашин, түүний сэлбэг хэрэгсэл рүү явж байна. Тэгэхээр үйлдвэрлэлээс олох орлогыг аж үйлдвэрийн салбарт тулгуурлах ёстой гэсэн бодлого барьж ажиллаж байна. Төмрөө дотооддоо хийе.

Монгол шиг ийм том, ийм олон жип унадаг орон бага. Манайх ийм болцон, түүнийг  зохицуулахгүй бол бидний ирээдүй бүрхэг байгаа. Нөгөө талдаа Оюутолгойн баяжмал гадагшаа борлуулагдчихаад буцаж төлбөр нь Монголд орж ирдэггүй, түүнд зайлшгүй зохицуулалт шаардлагатай. Энэ нь валютын хомсдол, валютын ханшид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа зүйл.

Ингээд цаашдаа хоёр хуулийг нэгтгэн хэлэлцэхээр боллоо.