Экспортод бизнесийнхэнд дарамт болох татварын орчин байхгүй
ГЕГ-ын Татвар, орлогын албаны дарга Б.Батбямба
2015.09.30

Экспортод бизнесийнхэнд дарамт болох татварын орчин байхгүй

ГЕГ-ын Татвар, орлогын албаны дарга Б.Батбямбатай төрөөс хэрэгжүүлж буй тарифын өөрчлөлтийн талаар ярилцлаа

- Гаалийн байгууллагад экспортыг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Гаалийн Ерөнхий газар нь Засгийн хэрэгжүүлэгч агентлагийн хувьд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлого гаргахад өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгтэй мэдээлэл, тооцоо судалгааг гаргаж өгөх үүрэгтэй. Гаалийн байгууллага нь үндэсний болоод эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, төсвийн орлогын зохистой түвшинг хангах үндсэн чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гадаад худалдааг тарифын болон тарифын бус аргаар төрийн өмнөөс зохицуулдаг. Тарифын арга гэдэг нь Төрөөс тогтоосон хувь хэмжээний дагуу татвар ногдуулж, барагдуулах замаар төсвийн орлого бүрдүүлэх үйл явц юм. Зах зээл хөгжсөнөөс хойш гаалийн байгууллага төсвийн  татварын орлогын 20-40 орчим хувийг бүрдүүлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилийн /2014 оны/ тооцооноос харахад гаалийнхан нийт 1.5 орчим их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Харин сүүлийн хоёр жилд төлөвлөгөө бүрэн биелүүлэх нийгэм, эдийн засгийн боломж бүрдээгүй.

Түүнээс гадна төрөөс баталсан үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хууль, тогтоол, хөтөлбөрийн дагуу бид зохих татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг.

Экспортын хувьд бизнесийнхэнд дарамт учруулахаар татварын орчин байхгүй. Бизнес эрхлэгчдийг гадаад худалдааны үйл явцад оролцох тэрхүү процессыг хөнгөлөх, хурдан шуурхай болгох үүднээс гаалийн байгууллагын зүгээс олон ажил хийдэг. Тухайлбал гадаад улс орнуудын гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, анхаарах ёстой зүйлсийг нь хэлж өгөх, хилээр нэвтрүүлэхдээ шуурхай байх, хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, шат дамжлагыг нь цөөрүүлэх, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг аль болох автоматжуулах гэх мэт.

- Саяхан Засгийн газар тогтоол гаргаж импортын зарим барааны гаалийн тарифыг 20 хүртэл нэмж болно гэж заасан. Энэ тогтоолтой холбоотой ямар ажлууд хийгдэж байна вэ?

Энэ бол импортыг орлох бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих гэсэн алхам. Гэхдээ нөгөө талаас Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүны хувьд импортын бүхий л барааны тарифыг аль болох нэмэхгүй байх, шат дараалан бууруулах үүрэг хүлээсэн гэдгийг мартаж болохгүй. Харин улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдалд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тарифыг өөрчлөх эрхтэй.

Энэ асуудал дээр гаалийн байгууллага оролцохдоо тухайн шийдвэрээс гарах үр дагаварыг тооцож үздэг. Тухайлбал нэг талаас тухайн барааны импортын тарифыг нэмсэнээр үйлдвэрлэгчдэд сайн талтай ч төсвийн орлогод яаж нөлөөлөх вэ, импортын тоо хэмжээ багассанаар дотоодын нийлүүлэлт, үнийн түвшинд яаж нөлөөлөх вэ зэрэг олон хүчин зүйлийг тооцох хэрэгтэй болдог.

Ер нь тариф нэмнэ, бууруулна гэдэг эерэг болон сөрөг үр дагавартай. 

Засгийн газар энэ оны 8 дугаар сарын 17 нд 332 дугаар тогтоол баталж зарим импортын барааны гаалийн тарифыг нэмсэн нь одоо хэрэгжээд явж байна. Хэрэгжиж эхэлснээс хойш тухайн төрлийн бүтээгдэхүүний экспортод яаж нөлөөлж байна вэ, үр дүнгээ өгч байна уу үгүй юу гэдгийг тооцохын тулд хугацаа хэрэгтэй. Энэ тогтоол хэрэгжээд сар ч болоогүй байна. Ядаж хоёр сарын динамикийг авч үзэх хэрэгтэй.

- Импортын бүтээгдэхүүн зах зээлийг эзлээд байна, яагаад Засгийн газар татварыг нь нэмж зах зээлээ хамгаалахгүй байна гэсэн зүйлийг үйлдвэрлэгчид их ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

Ер нь тариф нэмнэ, бууруулна гэдэг эерэг болон сөрөг үр дагавартай. Импортын тарифыг нэмснээр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэсэн ерөнхий ойлголт нийгэмд түгээмэл. Гэхдээ нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаварууд цөөнгүй. Нэгдүгээрт бид дотооддоо Монгол улсын болон дэлхийн чанар, стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу үгүй гэдэг асуулт гарч ирнэ. Хоёрдугаарт дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань хүн амын нийт хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой юу гэх мэт тухайн салбарын хөгжилтэй холбоотой олон асуудал үүсдэг. Тиймээс эхлээд маш нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй болдог. Жишээ нь: импортын татварыг нэмэхийн тулд олон жилийг судалгаанд зарцуулсан.

Зээл, тусламжаар дэмжээд байгаа мөртөө бүтээгдэхүүнийх нь чанар, хийц дээшилдэггүй жишээ олон байна. Зүгээр нэмэх хэрэгтэй гэж үзээд импортын татварыг нэмж дотоодын нэг үйлдвэрлэгчид шууд монополь эрх өгчихөж болохгүй шүү дээ. Үйлдвэрлэгчид маань өөрсдөө санаачлаад манай салбарын зах зээл ийм байна, тийм дэмжлэг хэрэгтэй байна гэсэн тооцоогоо салбарын холбоо, мэргэжлийн ТББ-аараа дамжуулаад холбогдох яамдаа хүргэдэг баймаар. Үнэндээ тариф тогтоох асуудал гаалийн байгууллагад шууд хамаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гааль зөвхөн батлагдсан хуулийг хэрэгжүүлж ажилладаг. Жишээ нь агаар шүүгч үйлдвэрлэгчдийг импортын тарифаар дэмжье гэвэл, тухайн үйлдвэрлэгчид холбогдох яам,  мэргэжлийн холбоод руугаа энэ салбар эрсдэлгүй ажиллах чадвартай боллоо гэсэн тооцоо, судалгаа баталгааг гаргаж байж асуудал цааш явна шүү дэ.