Ипотекийн зээлийн асуудлыг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал гаргана
Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн потекийн зээл зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Уг асуудалд гарц олохоор Хуульзүйн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж, Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төслийг өргөн бариад буй. Хуулийн төслийг өчигдөр хуульзүйн байнгын хороогоор оруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон билээ.
Хуулийн төслийн талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас дараах тодруулгыг авлаа.
- Нэр бүхий хуулиудад яг ямар өөрчлөлт оруулахаар боловсруулагдсан бэ?
- Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Иргэний хуульд гуравдагч этгээд буюу барьцаалагчаас асууж байж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, эрхзүйн орчныг бий болгоход ажлын хэсгийнхэн анхааран ажилласан.
- Орон сууцны хүүг бууруулах чиглэлд тэтгэврийн сангийн мөнгийг татан оруулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох өөрчлөлтүүд орсноор ипотекийн зээл хэвийн олгогдох эхлэх боломж үүснэ. Хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан эх үүсвэрээ мөн бий болгох шаардлага үүсэж буй юм. Урьд нь Монгол банк, засгийн газрын хүрээнд шийдвэрлээд явдаг байсан. Өөрчлөлт орсон хуулийн хэрэгжилтийн хүрээнд тэтгэврийн сангийн мөнгийг хөрвүүлэн ашиглах асуудал яригдаж байгаа. Засгийн газраас энэ зохицуулалтыг хийхээр Ирээдүйн тэтгэврийн сангийн нөөц бүрдүүлэх хууль өргөн баригдсан байгаа. Тэтгэврийн нэмэгдэл сан найман их наяд төгрөгтэй байдаг. Энэ мөнгийг олон улсын жишгээр моргейж болон ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулахаар яригдаж байгаа гэсэн үг.
- Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгээр батлагдана гэх яриа явж байна?
- Хууль санаачлагчдын хувьд анхны хэлэлцүүлгээр батлах саналыг гаргана. Ер нь яаралтай горимоор хэлэлцэх чиглэл өгсөн байгаа. Яагаад гэвэл олон айлууд зээлд хамрагдах гээд банканд материалаа бүрдүүлээд өгчихсөн, хууль хэзээ батлагдахыг хүлээгээд байж байна.
- Хууль батлагдсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөнө гэсэн үг үү?
- Батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байгаа. Энэ заалтынхаа дагуу хэрэгжээд явна.
- Энэ хууль батлагдангуут ипотекийн зээлийн хүү тав болно гэх мэдээлэл яваад байгаа. Зээлийн хүүг засгийн газраас тусад нь журмаар зохицуулалт хийнэ биз дээ?
- Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ипотекийн зээл олгогдох эрхзүйн орчин үүснэ. Эрхзүйн орчинг нээж өгснийхөө дараа засгийн газраас зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгай журмаар зохицуулалт хийхээр яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр асуудал нь өөрсдөө тусдаа гэдгийг л иргэд сайн ойлгох хэрэгтэй.
- Холбогдох хуулинд өөрчлөлт оруулах, зээлийн хүүг буулгах сургаар байрны үнэ нэмэгдэж байна гэсэн мэдээлэл түгэж байна?
- Байрны үнэ өссөн гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй. Зах зээл дээр баригдсан орон сууцууд их байгаа учраас байрны үнийн хөөсрөл үүсэхгүй гэж харж байгаа. Одоо арилжааны банкууд л хамгийн түрүүнд зээлээ хэвийн олгох асуудал хүлээгдэж байгаа юм.