Эрүүгийн хуулиар хүний эрхийг хангах ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийн тулд УИХ тусгай чуулган хуралдуулсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хэлэлцүүлэг хийх ямар ч боломжгүй байсан хэрэг үү. Ажлын хэсгийнхэн их бухимдсан?
-Эрүүгийн хууль бол маш том хууль, энэ утгаар нь тусгай чуулган зарласан болов уу. Саналын томъёолол нь бараг 100 шахам. Лхагва гаригт зарласан УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлтэл бусад хуулийн хэлэлцүүлгээс өөр горимоор өрнөсөн.
Ажлын хэсэг урт хугацаанд ажиллаж, их олон зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан юм билээ. Энийгээ Засгийн газар, Хууль зүйн яамтай тохирсон гэж ойлгосон, гэтэл ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгахад унаж эхэлсэн. Гурван ч чухал санал унаж, ажлын хэсгийн гишүүд болох Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан нар ч их бухимдсан. Ийм байдлаар санал унах нь хуулийн төслөө амьгүй болгох байсан.
Унасан саналуудыг тодруулбал?
-Одоогийн хуулиар албадлагын арга хэмжээ авахуулж байсан иргэн ч анкет бөглөхөд “Ял шийтгэл авч байсан” гэж бичдэг. Харин ажлын хэсэг албадлага, ял хоёрыг ангилж авч үзэх ёстой гээд санал оруулж ирсэн нь унасан юм.
Өөрөөр хэлбэл, шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял авсан иргэн л анкет дээр “Ял шийтгэл авч байсан” гэж мэдүүлэх байсан саналын томъёолол олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан.
Хоёр дахь чухал унасан саналын томъёолол бол хуулийн этгээдэд ял өгөх тухай юм. Өнөөгийн эдийн засгийн агуулгаараа шинэ Эрүүгийн хуульд зайлшгүй тусах ёстой заалт. Яагаад гэвэл, өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар гүйцэтгэх захирал юм уу, нягтлан хэрэгт орох гээд байдаг. Гэтэл цаана нь тухайн компанийн өмчийн эзэн, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, тэд хариуцлага хүлээдэггүй үлддэг.
Тэр тохиолдолд компанийн гүйцэтгэх захирал биш ашиг олж байгаа компанид ял өгөх тухай юм. Компанийн гүйцэтгэх захирал бол хүнээс цалин аваад ажиллаж байгаа, тэгэхдээ хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тэр гүйцэтгэх захирал хууль зөрчсөн байж болно. Энэ тохиолдолд хуулийн этгээдэд ял өгнө.
Та яг ямар байр суурь барьж байна, энэ асуудалд
-Миний барьж байгаа зарчим бол эдийн засгийн гэмт хэрэгт эдийн засгийн агуулгаар нь ял шийтгэл ногдуулдаг байх . Болж өгвөл хорьж цагддагаа багасгаж, үүссэн хохирлыг нь яаж төлүүлэх вэ, яаж арилгах вэ гэдгийг түлхүү анхаарах ёстой гэсэн байр суурь барьж байгаа. Тийм ч учраас ажлын хэсгээс оруулж ирсэн дээрх саналыг дэмжиж байсан, харамсалтай нь олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан. Уг нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн амин сүнс болсон чухал заалтууд юм. Энийг олон талаас нь хэлэлцэж, иргэдэд зөв ойлголт өгөх ёстой болов уу.
Унасан чухал заалтуудаа эргэж босгохын тулд одоо яах вэ?
-Намын бүлгүүд дээр л ярилцаж таарна даа.
-УИХ-аар Эрүүгийн хуулийн төслийн хэлэлцүүлэг эхлэнгүүт л бүлгүүдийн төвшинд сайн хэлэлцээгүй юм болов уу гэдэг ойлголт төрсөн. Та ч бас “Бүлгүүдээрээ эхлээд төслийг хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага байна” гэсэн горимын санал гаргаж харагдсан. МАН-ын бүлэг Эрүүгийн хуулиар завсарлага авсан шалтгаан нь энэ байсан уу?
-Эрүүгийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Худалдаа аж үйлдвэрийн танхим, Татвар төлөгчдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг олон байгууллагаас бидэнд маш их саналууд ирсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд эдгээр саналууд хэрхэн тусгалаа олсон юм бэ гэдгийг гишүүд асуугаад бүрэн хариулт авч чадаагүй.
Тийм учраас энийгээ бүлгүүд дээрээ яръя. Энэ хууль бол хүн болгоны ажил амьдрал, эрх чөлөөтэй холбоотой хууль, нухацтай хэлэлцэх ёстой гэж үзсэн. Хоёрт, МАН-ын бүлгийн зүгээс бизнес эрхлэгчидтэй холбоотой, эдийн засгийн гэмт хэргийн асуудлыг тусад нь нарийвчилж үзэхгүй бол яг энэ хуулийн төсөлд тусгаснаар явуулах юм бол бизнес эрхлэгчдээ 48 заалтаар Эрүүгийн хэрэгт татах нь. Тэрэн дотроо өмчийн эрх рүү халдсан нь маш буруу. Өнөөгийн мөрдөж байгаа Эрүүгийн хууль олон нийтээс шүүмжлэл хүлээж байгаа ч түүнээс хатуу хууль гарах нь гэж үзэн, Ардын намын бүлэг завсарлага авсан.
-Баялаг бүтээгчдийг 48 заалтаар Эрүүгийн хуульд татах гээд байгаа заалтуудаас тодруулбал?
-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “Эдийн засгийн гэмт хэргийн бүлэг гээд” бий. Түүнд торгууль, шийтгэл асар их нэмэгдсэн байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой өгдөг торгууль, шийтгэлээс чангарсан гэсэн үг л дээ. Тухайлбал, Татвар төлөхөөс зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх тохиолдолд 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Гэтэл тэднийг хорихоор хохирол барагдчих юм уу.
-Дэлхийн бусад орнууд энэ тохиолдолд ямар байдлаар зохицуулалт хийдэг юм бол?
-Гадаадад олон арга бий, татвар төлөхөөс зайлсхийсэн бол тэр хүмүүсийг гэр хорионд оруулаад эдийн засгийн хохирлыг нь эргэн төлүүлдэг. Бизнесийг нь хийлгээд хохирлыг төлүүлдэг юм. Ингэхдээ санаатайгаар гаргасан үйлдэл үү, санамсаргүй байдлаар гаргасан үйлдэл үү гэдгийг тодорхой болгоод үнэхээр санаатай сэдлээр үйлдсэн бол тэр хүнд гэмт хэрэг үүсгэдэг .
Өнөөдөр манайд НӨАТ-ын буцаан олголттой холбоотой маш их хэрэг явж байна. Хэдэн мянган аж ахуйн нэгж холбогдсон. Тэр аж ахуйн нэгжүүдээс энэ үйлдлийг санаатайгаар хийсэн нь хэд юм, санамсаргүйгээр ашиглагдсан нь хэд байгаа юм. Өнөөгийн хуулийн цоорхой, өнөөгийн хууль хоорондын авцалдаагүйгээс болоод хэн хохирч байгаа юм гэдгийг нарийвчилж салгах ёстой. Тэр салгалт бол шинэ хуульд байхгүй.
Тэр нь дахиад л гэмт хэргийн шинжтэй, том том үнэн дүнгээр торгох, биеэр эдлэх ял болон орж ирсэн. Нөгөө талдаа шинэ нөхцөл байдал үүсэж байна. Жишээ нь, компаниа зориудаар дампууруулж, хөрөнгөө өөр тийш шилжүүлчихээд явчихдаг. Эсвэл үйл ажиллагаа явуулж байдхаа байгаль орчин, үндэсний аюулгүй байдал, хүн амд хохирол учруулчихдаг. Хэрэг бишдэхэд компаниа татан буулгаад дахин шинээр компани байгуулж бизнес рүү ордог. Энэ бүхнийг ялгаж салгах талд мэргэжлийн байгууллагуудын үг яриаг сонсох ёстой. Тэндээс гаргаж байгаа саналуудыг үзэх ёстой.
-Өрсөлдөөний хуулиар зохицуулж, хариуцлага тооцож ирсэн асуудлыг Эрүүгийн хууль руу татан авчирчээ гэдэг асуудал бас хөндөгдсөн?
-Эрүүгийн хуулийн төслийн 18.1-д хууль бусаар өрсөлдөх гэж байгаа. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд байдаггүй заалт. Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх оролдлого, одоогийн мөрдөж байгаа хуульд бас байдаггүй заалт. Эдийн засгийн шинэ агуулгатай юмнууд нэлээд туссан.
Мөн одоогийн хуулиар их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээ, бусад зүйлсийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд буруутган мэдээлэх гэх мэт тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан. Шинэ Эрүүгийн төслөөр татварын маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих их хэмжээний татвар, торгууль гээд явж байгаа. Их чангарсан.
-Ийм бол Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах шаардлага байгаа юм уу?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хууль бол 2002 онд батлагдсан. Түүнээс хойш нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж, шинэ, шинэ зүйлүүд олноор гарч ирлээ. Цаг үедээ тохируулаад Эрүүгийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан.
Шинэчлэхдээ өнөөгийн зах зээлийн өмчийн эрхийг хамгаалсан, олон улсын зах зээлийн харилцаанд нийцсэн, хүний эрхийг хамгаалсан байдлаар Эрүүгийн хуулийг батлах ёстой л гэсэн байр суурьтай байна.
-Эрүүгийн хуулийг хэлэлцэж эхлэхэд эдийн засгийн бүлэглэлүүд асуудлаа оруулах гэж нөлөөлөхийг оролддог гэх юм билээ?
-Их хэцүү хууль л даа. Өөрийн чинь хэлж байгаа ч үнэн. Зохион байгуулалттай эдийн засгийн бүлэглэлүүд асуудлаа оруулах гэж оролддог, хувь хүний субьектив хүчин зүйлс нөлөөлөх гэж оролддог их аюултай хууль. Хууль батлагдсаны дараа хувь хүний эрх чөлөө, нэр төр, эрүүл мэнд, амь насны асуудал хөндөгддөг. Тийм учраас Эрүүгийн хуульд мэргэжлийн үүднээс няхуур хандах ёстой.