Парламентын тоймч
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.06.26

Парламентын тоймч

Монголын толгойлох улстөрчийн нэг. “Совесть” гэдэг орос уг хэрэглэчихье, биднийг яг таг орчуулах гэсээр байтал бараг л монгол нэр томъёо болчихлоо доо. 

"Совесть” гэж ярих дуртай улстөрчдөд тэр бүр байдаггүй энэ чанар Ө.Энхтүвшинд бол харин ч бий шүү. Энэ нь улс төр, намын ажил, сэтгүүлчийн бичлэг, анд нөхдийн харилцаа аль ч юман дээр харагдаад байдаг. Гэхдээ энэ тухай биш, хэвлэл, мэдээллийн чадварлаг менежер (Тэр “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, хуучин Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын даргын албыг шаггүй хашсан болой), нийтлэлчийн тухай өгүүлсү.

Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины чадварлаг багт ОХУ-ын Нийгмийн ухааны академид суралцан эрдмийн зэрэг хамгаалсан шижигнэсэн залуу ороод ирсэн нь Ө.Энхтүвшин. Б.Лигдэн, Ц.Балдорж, за тэгээд манайхан Энхтүвшинг аль өмнөөс мэднэ. Лээгээ, Бал хоёр түүнийг тоймчоор томиллоо. Тэрбээр байнгын ажиллагаатай Парламент-Улсын Бага Хурлын (УБХ) үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүрэг хүлээв.

Мэдээжээр УБХ, шинэ парламентын тоймч бас шинэ, бэрхшээлтэй хариуцлагатай ажил. Энэ ажлыг хэн эрхлэх вэ гэвэл аливаад дүн шинжилгээ (дүгнэлт биш шүү) хийх чадвартай, эрдэм номтой хүн хийх ёстой гэж сонины удирдлага тооцжээ. Сонин, хэвлэлд ажиллаагүй хэрнээ нэг их удалгүй шууд л тоймч, нийтлэлч болчихсон доо.

Эхэндээ Бага хурлынхан энэ хүний үзгээр дамжин биднийг яаж сурталчилж байнав гэж хэсэг харзнасан байх. Дараахнаас нь миний хэлсэн тийм ийм үг орсонгүй гэх мэтийн гомдол гарч эхлэв. Тэгснээ өөрсдийн нь хэлснийг үнэн бичихээр Ө.Энхтүвшин дүгнэлт хийж байна гэх мэтээр зэм хүртээх боллоо.

УБХ-ыг баалъя гэсэн санаа төрийн төв хэвлэлийнхэнд үнэндээ байгаагүй, шинэ парламент түргэн төлөвшөөсэй гэсэн чин бодол илүү байсан гэвэл үнэнд ойртоно. Тэг тэгсээр манай тоймч зарим нэг гишүүнд бараг л УБХ-ын “дайсан” мэт үзэгдэх болсон. Үнэн үгэнд хүн өстэй гэдэг тэр л дээ.

Ийм яриаг хэн гаргасан нь сонин. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодпоо илэрхийлэх эрхийг тунхаглан төрийн моринд дөрөөлсөн “ардчилагчид”. Гайхмаар, бас урам хугармаар. Энэ ч бас яахав гэе. “Энхтүвшингээс болж” төрийн төв хэвлэл бараг хаагдах дөхсөн гээч. Зөвлөлт гүрэн задрах үе. Үүнээс сэргийлэх гэж Зөвлөлтийн нам, төрийн хэсэг удирдах хүмүүс ГКЧП буюу Онц байдлын улсын хороо гэгчийг байгуулж, “төрийн эргэлт” хийх гэж оролдов. Бүхний буруутан М.Горбачёв онц байдал тогтоох тэдний саналыг “Чёрт с вами” гэх маягаар зөвшөөрөөд өөрөө Форос гэдэг дээдсийн амралтын газрыг зорьсон гэдэг.

Оролдлого бүтэлгүйтэж Б.Ельцин хамаг эрх мэдлийг өөртөө хамж төвлөрүүлсэн. Харин нөгөөх идеал болгосон Америкаа орхичихоод Монголд урьдах шигээ Кремлийн ханиаднаас болж “найтаав”. “Ардын эрх” сонин Онц байдлын улсын хорооны мэдэгдлийг гадаадад мэдээлэл тараадаг аибан ёсны ТАСС агентлагийн уламжилснаар нийтэлчихсэн нь “ардчилагчдад” сайхан далим болж тэд сониныг устгах нэг ёсны авд мордов.        ,

УБХ-ын чуулганаар тусгай асуудал болгон “Ардын эрх”- ийг шүүв шүү. Хамгийн их дөвчигнөж нүүрээ шарлаасан нь соццек П.Улаанхүү. “Ардын эрх” сонины төрийн төв хэвлэл статусыг цуцалъя гэж санал хураалгаад амжилтад хүрсэнгүй.

-“Ардын эрх”-ээс болж Монголд дайн гарна шүү гэж Улаанхүү хашгирч “анхааруулав”. Үүнээс гол учир Оросын мэдэгдэлд ч биш, тоймч Ө.Энхтүвшинтэй л тулалдсан нь “булавч бултайж” тодроод ирж байгаа юм. Манай хүн ч парламентын жинхэнэ тоймч гэдгээ богино хугацаанд харуулчихсан, уншигчид түүний тоймыг амтархан уншиж өөрсдийн дүн шинжилгээ хийдэг болчихсон цаг үе. Эрх баригчдын нэг хэсэг мань эрийг, бас сониныг далан таваар буулгаж төрийн дуулгавартай үйлчлэгч болгож авах гэсэн биш, мэхт мэхэндээ гэдэг л болж, тоймч, сонин аль аль нь хурцдагдаад явчихаж билээ.

Гаднаас харахад Түвшин (Бид нэрийг нь товчлон ийнхүү дуудна) хямсгардуу, буурьтай, зөрүүд. Харин найз нөхдийнхөө дунд тун энгийн. Бусдыг дуурайж шоглож байгаа нь мөн ч лут даа. Онигоо олныг мэднэ, өөрөө ч зохиочих нь энүүхэнд.

Ө.Тогоо гэж жинхэнэ сэтгүүлч, туршлагатай нөхөр сонины мэдээллийн албаны дарга байв. Гэм нь хааяа агсам. Үүнийг өдөр, шөнөгүй чуулганд суудаг, бидэнтэй уулзах завгүй Түвшин сонсож, мэдээгүй бололтой. Манайхны нэг нь ямар ч юм тохиолдлоор баяр хийсний дараа очих зүг нэг гэж Тогоо, тэр хоёр хамт таксиджээ. Түвшин соёлтой, эелдэг.

Энэ нь бүх юманд харагдаад байдаг. Тэр ёсоор Тогоог буулгахаар машины хаалгыг нээж өгчээ. Цаадах нь гарч ирээд агсам хууч нь хөдөлж мань эрийн нүүр рүү дэлсээд авсан гэнэ. Гоёмсог, үнэтэй нүдний шил “будаа”. Өглөө Ерөнхий сайдтай ярилцахаар тохирчихсон байдаг. Үүнийг Бал бид хоёрт инээдэм болгон яриад өнгөрөв. Нүд хавдартай, тэгээд яаж аргалсан юм бүү мэд. Харин ярилцлага бол сонинд хэвлэгдсэн.

Тэр үеийн “Ардын эрх”- ийнхэн их биеийг нь босгоод орхисон байранд өөрсдөө субботник хийж байж өнгө төрхөнд нь оруулсан шинэ байшинд орлоо доо. Гуанзтай болов. Түүнийгээ түрээслүүлэв. Өөр арга байгаагүй л дээ. Бүх юмыг ноолиос шинээр эхэлж байгаа юм чинь. Аз болж гуанзыг Должин хэмээх сайхан сэтгэлтэй эмэгтэй түрээсэлж авсан. Хямд, бас тэрүүхэндээ амттай хоол хийнэ.

Нөгөөх эмэгтэйдээ шооч манайхан “Должин холдинг” гэсэн нэр өгчээ. Энэ нэрийг Энхтүвшин санаачилсан байж мэднэ. Сэтгүүлчид юм чинь мөнгөө дэмий үрчихээд Должин гуайд нэрээ бичүүлж, хоол, тамхи бас бус юмыг зээлж авдаг юм байна л даа. Ингээд бүхэл бүтэн өрийн данс бүрдэж. Нэг өдөр хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшин ажилласан Энхтүвшин, бид хоёрын хамт суух өрөөнд Должин гуай царай нь нэлээд барайчихсан ороод ирлээ. Өрийн данс нь алга болчихсон гэнээ.

Түвшин бид хоёр арай л инээчихсэнгүй. Өртөнгүүдийн нэг нь юм уу, хэсэг бүлэг хүний ажил гэж бид таамаглав. Албадын дарга нар, бид хоёрын хувьд “сэжигтэн” гэсэн улсыг цуглууллаа. Энхтүвшин тактик сайтай. Маргаашийн дугаарт орох нийтлэл, мэдээний тухай асууж байна. Тэгснээ:

-Нөхөд минь “Должин холдинг”-ийн өрийн данс алга болчихсон гэнэ. Манж, Хятадын данжаадуудын өрийн дансыг устгаж, шатаасан явдал манайд гарч байсан юм билээ. Гэхдээ Должин гуай ямар данжаад биш, тоглоом шоглоомоор нуусан хүмүүстээ өрийн дансыг эргүүлж өг гэж хэлээрэй хэмээн хоржоонтой дуугарав. Бөөн хөхрөлдөөн. Өрийн данс эргэн ирж маргааш нь “Должин холдинг” бид хоёрыг хуушуураар дайлж билээ.