МАН-ын бүлэг АН-ын даргад шаардлага хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх, хоёр намын зөвшилцлийн хүрээнд харилцан тохиролцсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн хуулийн төслийн боловсруулалт, хэлэлцүүлгийн шуурхай байдалд анхаарах чиглэлээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хаврын чуулганы явц, үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийн гишүүд 30 хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Гэвч эдгээр хуулийн төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөг хүрчээ.
Тухайлбал, Ахмадууддаа ач санах агуулга бүхий “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор хүргүүлсэн боловч хариу ирүүлэхгүй байсаар дөрвөн сарын нүүр үзэж байна. Тиймээс уг шаардлагад "Дээрх нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, олон зуун мянган сонгогчдын эрх ашиг хохирч байгааг Танд уламжилъя" гэжээ.
Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, ажилласан жилийг 1,5 жилээр тооцох, Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлогыг нэг хувьд хүргэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Худалдааны тухай, Алслагдсан бүс нутагт хөнгөлөлт үзүүлэх бүсийн нэмэгдэл зэрэг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан байна.