Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгууль зарлачих хэрэгтэй
УИХ-ын гишүүн М. Сономпилтэй ярилцлаа.
-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ, одоо хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд яриад эхэллээ. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Зөвхөн Таван толгой, Оюу толгойн асуудал удааширснаас болоод ийм байдалд хүрчихээгүй. Оюу толгойн тухайд 2010 онд ашиглах гэрээ байгуулснаас хойш дэлхий нийтийн анхааралд орсон. Уул уурхайн салбар тэр дундаа зэс олборлогчдын сонирхлыг татаж байгаа томоохон орд. бүтээн байгуулалт гэсэн үг. Зөвхөн насжилтыг нь аваад үзэхэд л 90 жил ашиглана. Бусад орнуудын томоохон ордууд 40-50 жилийн насжилттай байдаг. Эрдэнэтэд 30 жилийн нөөц үлдсэн гэж ярьдгаас үзэхэд үнэхээр том.
Бусдын анхаарлыг эрхгүй татсан иймордод дэлхийг дамнасан зэс, алт, уул уурхайн Рио Тинто ашиглахаар орсныг хүн бүр мэдэж байгаа. Дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулдаг энэ компанийн салбар Монголд байгуулагдчихаад байгаа нь энэ. Тэд хариуцлага, үйл ажиллагааны хувьд өндөр стандарттай.
Тиймдээ ч тухайн бүс нутаг дахь энэ компанийн салбар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байвал бусад компаниуд хөрөнгө оруулалт зэрэг үйл ажиллагаагаа удаашруулж асуудал яаж эргэхийг хардаг. Товчхондоо Рио Тинто Монгол Улстай хэл амаа ололцохгүй байхад бид тэрбум ам.доллар оруулаад ашиг олохгүй юм байна гэж бусад нь айдаг.
Рио Тинто нь нэг талаасаа уул уурхайн компаниудыг араасаа дагуулж, хөтлөгч. Яг үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил Рио Тинтогийн үйл ажиллагаатай холбоотой дэлхий дахинд их муу мессеж түгсэн. Ялангуяа хөрөнгийн бирж, уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон компаниудын дунд ийм байдал үүсчихээд байна. Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцохгүй байна. хэлсэн ярьснаасаа буцаж байна гэх зэргээр хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсчихээд байсан. Хүлээс нь одоо тавигдах биз.
-Ер нь УИХ дахь бүх намууд хамтарсны үр дүн гэж харж болох уу. Шууд хэлбэл таны ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газар асуудлыг шийдэж чадаагүй шүү дээ?
Оюу толгойн 2010 онд .хийсэн гэрээг шинэчлэлийн Засгийн газар өөрчлех гэж их үзсэн. Н.Алтанхуяг сайд, Д.Ганхуяг сайд гээд хэн хүнгүй л ажилласан. Сайн гэрээ болсон гэдэгтэй санал нийлэх нэг ч хүн байдаггүй. Тиймээс зохих өөрчлөлтийг хийе гэж бид нэлээд ажилласан ч амжилт олоогүй юм.
Амжилтад хүрэх нөхцөл ч байгаагүй. Яагаад гэвэл Рио Тинто компанийн хамгийн том захирал нь ирээд ч асуудлыг шийдчих боломжгүй. Мэдээллээс харж байхад Оюу толгойн хувьцааг 300 гаруй мянган хүн эзэмшдэг юм билээ. Товчхондоо 300 мянган хүнээс асууж байж гэрээнд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарна. Ийм л хэцүү асуудал байсан.
-Гэхдээ гэрээг танай бүлэг эсэргүүцээд байгаа?
Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийхээс өөр арга байхгүй. Хөдлөх нь зөв. Хөдлөхгүй байвал улс төрийн гэхээсээ илүүтэй’ эдийн засгийн асар их хохирол амсана. Эвсэл үүнтэй санал нэгдэж Ерөнхий сайдын мэдээллийг сонсохдоо “сайн байна" гэдгийг нь ч хэлсэн. Явуулахгүй байх нь хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монгол Улсад, тэр компанид бүр ч ашиггүй.
Гэхдээ гэрээнд улс орны эрх ашигт хохиролтой заалт байна гэдгийг нь бүлэг дээр онцолж ярьсан. Жишээлбэл, борлуулалтаас орсон орлогыг яагаад Монголоор дамжуулж болохгүй байгааг хөндсөн. Гэтэл Ерөнхий сайд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Гарын үсэг зурагдсан. Дахиж асуудал яригдахгүй” гэснээс болж нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, маргаан үүссэн. Тиймэрхүү үл ойлголцолтой байгаа.
-Шударга ёс эвсэл засгаас гарна, Ерөнхий сайдыг огцруулна гэж шийдсэн юм биш үү?
Зарим гишүүн ийм үг хэлсэн. “Ийм ойлгомжгүй Засгийн газартай эвсэл хамтрах шаардлага байгаа юм уу, үгүй юу" гэдгийг ганц, хоёр гишүүн хэлж байна билээ. Нэрийг нь онцолж дурдаад яах юм.
-Ер нь одоо яах ёстой вэ. Нэг асуудал шийдэхээр араас нь гурван саяулаа улстөржих юм?
Монголд оффис суларч, хөрөнгө оруулагчид гарч байна гэж яриад байгаа. Энэ үнэн. Таатай орчныг бий болгохгүй байна. Дээрээс нь улстөрчид худлаа эх оронч царайлж яриад байгаа нь хөрөнгө оруулагчдад айдас төрүүлээд байна. “Монголчууд хэлсэн ярьснаасаа буцдаг юм байна. Засгийн газар солигдоход хэрэгжүүлж байсан ажил зогсдог юм байна. Монголоос ашиг олно гэдэг нь худлаа юм байна” гэсэн ойлголт төрүүлээд байна.
Тэгээд ч аль хэдийнэ “Төр засаг нь шийдвэр гаргаж чаддаггүй юм байна, тогтвортой байдалд хүрэхгүй юм байна” гэж гадна талаас харах болсон. Аливаа бизнес олон жилээр явдаг. Хамгийн багадаа арваас 100 жилээр төлөвлөж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэж төлөвлөж байж хөрөнгөө босгодог.
Хүн бүр тэрбум ам.доллар халаасалчихсан явж байдаггүй учраас заавал зах зээлд хөрөнгө босгох ажил хийгддэг. Бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийхийн тулд төслөө бичиж банк санхүүгийн байгууллагаас зээлээ авч эцэст нь даатгал дээр очдог. Даатгал эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Тэгэхэд Монгол ямар орон бэ гэсэн асуулт гардаг. “Ардчилсан орон учраас тэр тал нь эерэг ч улс төрийн хувьд тун найдваргүй” гээд даатгалаа хийж өгөхгүй. Хийлээ гэхэд бусад орнуудынхаас харьцангуй өндөр хувь бодно. Ийм байдлаас болж Монголын хөрөнгө оруулалтын орчны төлбөр өсчихөөд байна.
-Хүмүүс гаднын компаниас болгоомжилдог байдал байсаар л байна?
Гадаадынхан боломж хайж л орж ирж байгаа учраас буруутгах аргагүй. Эдийн засгийн, хууль эрх зүйн гээд бүх зүйл нь тооцоотой явдаг. Гадныхан ямар манай хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн биш. Сүүлийн үед зарим улстөрчдийг гадны захиалгаар хууль боловсруулж, батлуулсан гэсэн шүүмжлэл гарах болсон. Гэхдээ гаднаас бус дотроосоо буруугаа хайх ёстой. Дотоодоосоо буруу хайхдаа хувь хүн, улстөрчид, нам, фракциудад буруу өгч болохгүй.
Тогтолцооны буруу л болчихоод байгаа юм. Тогтолцоо ийм байгаа учраас хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, фракц болж тоглохоос өөр арга байхгүй. Улс төрийн очков авахын тулд популист болж тоглоно. Үүнээс цаашаа явахгүй учраас хүнтэй зууралдах хэрэг байхгүй. Тийм ч учраас би УИХ-ын гишүүдтэйгээ энгэр заамаа зулгаахдаа тулж муудалцахыг хүсдэггүй. Хүн бүр өөр өөрийн бодол, нөхцөл байдалд тохируулж улс төр хийж байгаа учраас буруутгах юу байх билээ.
-Тэгээд тогтолцоогоо өөрчилж болдоггүй юм уу. Ярих бус хий гэж УИХ-ын гишүүдийг сонгодог биз дээ?
Тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай. Эс тэгвээс хөгжил удааширч, Монгол маш муухай харагдаж эхэлж байна. Манай улстөрчид Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зоригтой шийдчих л хэрэгтэй. Ирээдүйн Монгол Улс, ард иргэдийнхээ, өөрсдийнхөө төлөө. Болдогсон бол шинэ Үндсэн хуулиа энэ хавар баталж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгуулиа зарлачих хэрэгтэй.
-Тийм зориг гаргаж чадах уу?
Тийм зориг гаргаж чадахгүй юм бол шинэ жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчлөөд 2016 онд сонгуулиа урьдчилаад зарлачих хэрэгтэй. Ингээд явчихаасай гэж олон ч гишүүнтэй санаа бодлоо солилцдог. Бүгдээрээ л санал нэг байгаа. “УИХ-д нэг л жил дутуу сууна биз, ямар хамаатай юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр болж байгаа болохоос энэ парламент муудаа татан буугдаагүй” гэж ойлгох ёстой.
Ингэж түүхэнд үлдэх шийдвэрийг гаргаж, түүхэнд тэмдэглэгдэх парламент болох шаардлага байна. Асуудлыг хэлэлцэхээр намын Их, Бага хурал гээд баахан л хугацаа хожих байх. МАН-ын Их хурлаар шийднэ, ард нийтийн санал асуулга явуулна гэх мэтээр Монгол Улсын гурван сая иргэнийг татан оролцуулбал хөгийн юм болох нь ойлгомжтой. Гэхдээ зөв л шийдэлд хүрээсэй.
Үүнийг хийхгүй бол өнөөдөр мухардалд орчихоод байна. Төрийн гурван өндөрлөг нь зөрчилтэй гэдэг нь илт харагдаж л байна. Хуучин өөр өөр намаас төрийн өндөрлөгт сонгогдож, алба хашиж байсан учраас зөрчлийг нь улс төр гэж хардаг байлаа. Харин өнөөдөр нэг нам ч гэлээ эрх мэдэл, албан тушаал гээд бүх хуваарилалт нь өөр болохоор яалт ч үгүй зөрчил үүсч эхэлж байгаа. Энэ нь хүнээсээ шалтгаалаад байгаа юм биш. Тогтолцоо нь зөрчил рүү авчраад байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэзээ УИХ-аар хэлэлцэж эхлэх вэ. Үндсэн хуулиа, тогтолцоогоо өөрчилнө гэвэл ямар засаглалтай байх вэ гэдгээс эхлээд асуудал ундарна даа?
Олон асуудал бий. Ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа. Ажлын хэсэг долоо хоногт хоёроос доошгүй хуралдаж байна. Тэд зургадугаар сарын эхээр буюу удахгүй УИХ-д оруулж ирнэ гэж байна билээ. Бүх намуудын төлөөлөл орж, байнга мэдээлэл солилцож байгаа. Тэгээд юу болохыг нь харна даа.
-Тэгвэл таныг Таван толгойн ажлын хэсгээс гарлаа эргээд орлоо гээд мэдээлээд байсан. Юу болсон юм бэ. Таван толгойн асуудал ямар шатандаа явна?
Ажлын хэсэгт нь орсон. Таван толгойг явуулахгүй гэж шүүмжилж байсан хүмүүс тэр ажлын хэсэгт орсон учраас “Би ганцаараа эсрэг байр суурьтай юм чинь энд байх шаардлагагүй биз дээ” гэдгээ хэлээд гарсан. Л.Эрдэнэчимэг гишүүн, А.Гансүхээс эхлээд байнга эсэргүүцэж зогсоохыг шаардаж байсан хүмүүс Таван толгойг явуулах ажлын хэсэгт орсон гэсэн үг.
Түүнээс хойш ажлын хэсэг хэд хэд хуралдсан. Яахав, ойлголцлын шатанд хүрч байна. Миний бодлоор төслийг 268 дугаар тогтоолын дагуу хийсэн. Үүнд М.Энхсайхан гэдэг хүнийг буруутгах шаардлага байхгүй. Ийм байхад УИХ л олон санаа бодол гаргаад байгаа юм.
Нэг хэсэг гэрээний зүйл заалтуудыг үндсээр нь өөрчлөх яриа орж ирсэн ч одоо овоо илааршчихсан байна. Ер нь УИХ гэрээ дүгнэж, шалгаж байдаг байгууллага биш. Хуулийн хүрээнд УИХ нь Засгийн газартаа чиглэл, тогтоол гаргаад өгчих хэрэгтэй. Засгийн газарт ч оролцоод байх шаардлага байхгүй.
УИХ-аас гаргасан тогтоолыг мөрдөж хоёр компани нь гэрээгээ байгуулаад Засгийн газар нь хяналтаа тавиад л явах ёстой. Ер нь төр төртэйгөө, компани компанитайгаа л хамтарч ажиллах хэрэгтэй. Аль ч улсын компанитай Монгол Улсын сайд гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй. Монголын төрийг тэгж гутаан доромжилж болохгүй.
-Таван толгойн гэрээний аль заалтуудыг нь хэрхэн өөрчилж байгаа бол?
Эцэслэн шийдээгүй байхад нь задалчихвал эргээд л улстөр орчихдог гэмтэй учраас энэ талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Гэхдээ нааштай шийдвэр гарна гэдгийг баталж хэлмээр байна.