Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.05.27

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.05.27/ боллоо.

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар, ажлын дэд хэсэг оролцлоо.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин албадлагын арга хэмжээ, хорих ялыг ногдуулах талаар сайн бодолцох нь зүйтэй хэмээж байсан. Тухайлбал, сонгууль будлиантуулдаг хүнийг хорих биш сонгуулийн санал хураалт болох хугацаанд сонгуулийн хэсэг, хороо руу очих эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авч болно гэж хэлсэн.

Түүнчлэн гүтгэх гэдгийг ч хоёр талтай авч үзэх нь зүйтэйг сануулж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гэмт хэргийг ердийн гэмт хэрэг, хүнд гэмт хэрэг гэж ангилсан байна гээд ердийн гэмт хэрэг гэхээр ердийн ажил хийсэн юм шиг харагдаад байгаа учир нэр томьёоны талаар анхаарах хэрэгтэй гэж байлаа.

Тэрбээр, эрх хасах ялыг хавтгайруулах вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлсэн. Зөрчил гаргасан, эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний жолоо барих эрхийг хасч болно. Гэтэл төрийн албанд ажиллах эрхийг хасах зэргийг хавтгайруулбал хүний эрхийг зөрчөөд эхлэх болно гэж хэлсэн.

Тиймээс эрх хасах ялыг хэрхэн хэрэглэх талаар сайн нягтлаарай гэж байлаа. Ж.Батзандан гишүүн нийтэд тустай ажил хийлгэх гэдгийг илүү тодруулах шаардлагатай гээд чухам ямар ажил хийлгэх талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг дурдсан. Тэрбээр гэрийн хорионд байлгах ялыг хэрэгжүүлэхэд хэдий хэрийн зардал гарахыг дэд ажлын хэсгээс тодруулсан.

Дэд ажлын хэсгийн гишүүн Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, гэрийн хорионд байлгах ялыг эдлүүлэхэд шаардагдах программ хангамж, бусад хэрэгслийг авахад 1.7 тэрбум төгрөг, электрон гав буюу цахим бугуйвч авахад 2.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Бусад улсуудын жишгийг харахад гэрийн хорионд байгаа хүмүүсээр гарч буй зардлыг гаргуулдаг юм байна хэмээн хариулсан.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат, хар тамхитай холбоотой гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, олон нийтийн сүлжээтэй холбоотой гэмт хэргийн талаар яригдах болсон гээд эдгээр гэмт хэргүүдийн талаар төсөлд хэрхэн тусгасныг тодруулж байлаа. Түүнчлэн их хэмжээний мөнгө завшаад хэдэн жилийн ял эдлээд гараад ирдэг. Ийм хүмүүсийн улсад учруулсан хохирлыг барагдуулах талаар тусгах нь зүйтэй гэж байлаа.

Ажлын дэд хэсгээс хариулснаар, нийгмийн хөгжлийг даган гарч ирсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой, кибер гэмт хэрэг гэх мэт хэргүүдийн талаар төсөлд тусгаж, нийт 45 шинэ төрлийн гэмт хэргийг хуульчилжээ. Түүнчлэн их хэмжээний мөнгөн хохирол учруулсан этгээд ял эдэлсэн ч хохирлыг нөхөн төлүүлэх бодлого хэвээрээ гэдгийг ажлын дэд хэсгийнхэн хэлж байлаа.

Орсон орлогыг нь хураах, нуусан хөрөнгийг илрүүлэн хохирлыг барагдуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын ур чадвараас шалтгаалах асуудал хэмээн тодруулж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар татвараас зайлсхийсэн хүнийг гэрийн хорионд байлгах бус хорих нь үр дүнтэй хэмээгээд гэрийн хорионд байгаа хүн утсаар яриад бизнесээ хийгээд байдаг учир баривчлах ял илүү тохиромжтой гэж хэлсэн.

Түүнчлэн тэрбээр, хэрэглэгчдийг хохироож буй асуудлыг төсөлд тусгах ёстой хэмээгээд албан тушаалын гэмт хэргийг анхаарч оновчтой зүйлчлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.