Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэв
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар
2015.05.27

Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэв

Лхагва гарагт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс гадна Засгийн газар, нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрыг асуудлыг шийдвэрлэх шийдэл хайя.

Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар Яармаг орчинд газар хуваарилаад дууссан, нэмж олгох боломжгүй гэдэг ч тэнд бүтээн байгуулалт хийгдэхгүй, газар эргэлтэд орохгүй байна. Энэ асуудлыг зөв шийдвэрлэж чадвал бусад газраа эмхэлж цэгцлэх туршлага болно” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.  

Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан.
 

Газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан зөрчлийг арилгах  шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзэж буйгаа БОНХАЖ-ын сайд хэллээ.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байна. Мөн газрын татварт нэг ч төгрөг төлөөгүй, хоёр жилд бүтээн байгуулалт хийгдээгүй, эргэлтэд оруулаагүй компаниуд ч байна. Тиймээс Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах энэ асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм.

Хотын захиргаа 2012 оноос Яармаг орчимд нэг ч га газар олгоогүй. Хууль бус 47 газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээгээр олгогдох газрыг Дүүргийн Засаг дарга олгосон, хуульд заасан хоёр жилд ажлаа эхлүүлээгүй зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан ч захиргааны хариуцлагагүй үйлдлийн төлөө иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, хууль зөрчсөн албан тушаалтныг эхэлж шалгуулах ёстой гэж шүүх үзсэн гэж нийслэлийн Засаг дарга хэллээ.

Газрын тухай хуулиар хоёр жилийн дотор эзэмшиж буй газар дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бол хүчингүй болгох заалттай. Аж ахуйн нэгжүүдийг энэ заалтыг зөрчлөө гэж үзэхэд хэцүү. Барилгын зөвшөөрөл авах, зураг төсөл хийлгэх зэрэг захиргааны хүнд суртлын хариуцлагагүйгээс хугацаа алддаг гэж Засаг дарга тайлбарласан юм.

Яармаг орчимд нэг ч ам метр талбай үлдээгүй хуваарилагдсан, хууль бус газрыг хүчингүй болгох боломжгүй, иргэн, аж ахуйн нэгж газраа авчихсан ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэггүй. Ийм мухардмал байдлаас гарах хэрэгтэй. Ингэхдээ ил тод нээлттэй, авлига хээл хахуульгүй, газрын наймаагүй ажиллах зарчим баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгоё. Засгийн газраас нэг га газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоож, иргэн аж ахуйн нэгж төлбөрөө төлөөд эрхээ авдаг зарчимд шилжих нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна.

Газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгоё.
 

Энэ нь газартай ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа аж ахуйн нэгж, компаниудад ашигтай, газар нь хууль ёсны болно.

Харин Яармагийн дэнжид сургууль, эмнэлэг, байр орон сууц, хороолол барих зэрэг төр засгийн холбоотой хөтөлбөрт энэ зарчим үйлчлэхгүй байхаар зохицуулах нь зөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд үүний төлөө БОНХАЖЯ, Хотын захиргаа зоригтой шийдвэр гаргах, аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа эрхлэх бололцоо олгох, бодлогын дэмжлэг, шийдвэрлүүлэх асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.