МУ эзэмшигч, бусад нь зөөвөрлөгч байхаар зохицуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Ганбатыг “Ярилцах танхим ”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулганаар олон асуудлыг шийдэх байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл чуулганы эхний өдрөөс л эдийн засаг сэргэхэд нэмэр болно гэж байсан Тавантолгойн асуудал гацаанд орж, өнөөдрийг хүртэл хэрхэх бол гэсэн хүлээлт үүсгэв. Та юу гэж бодож байна вэ?
Миний хувьд ч ялгаагүй ард түмэнтэйгээ адилхан ажил хэрэгч чуулган болоосой гэсэн хүлээлттэй байсан. Оюутолгой Тавантолгойн томоохон төслөө урагшлуулах шаардлагатай. Би ч гэлтгүй манай гишүүд ч ийм бодолтой байх шиг байна. Хоёр том төслөө хөдөлгөе гээд хуулиас гадуур явж болохгүй. Хамгийн гол нь хуулийн хүрээнд асуудлыг шийдээд явах нь зөв. Нөгөөтэйгүүр, Монгол Улс хуультай гэдгээ мартаж болохгүй.
Засгийн газар хариуцлагатай байж Тавантолгойг- Оюутолгой шиг болгочихгүйн тулд хичээх ёстой. Оюутолгой хөдлөөгүй биш хөдөлсөн, Өнөөдөр харин өгөөж нь ямар байгаа билээ гэдэг дээр ард түмэн дүгнэлт хийж байгаа байх. Тавантолгой ч таг зогсчихоогүй явж л байна. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч байна уу гэдэг нь асуулт нэхдэг.
-Засгийн газар Таванголгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа ч УИХ гацаанд оруулж байна гэсэн байр суурь илэрхийлж байх шиг. Нөгөө хэсэг нь УИХ-ын дарга хуулийн хүрээнд асуудлыг тавьсан болов уу гэсэн тайлбар хэлж байна. Таны хувьд ямар тайлбар хэлэх вэ?
Монголын ард түмэн Тавантолгой ордоос 1072 хувьцаа эзэмшиж байгаа, Тавантолгойн нэг толгойг нь хувийн компани ашиглаж байгаа бол дөрвөн толгой нь улсын мэдэлд гэж ойлгож байна.
-Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдэгдлийг хараад байхад УИХ Засгийн газрынхаа эсрэг зогсчихов уу гэлтэй харагдсан. Шийдлийн Засгийн газрын үр дүнг та хэрхэн харж байна вэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг богино хугацаанд шийдэж өгөхийг хүссэн. Үүнээс үзэхэд шийдлийн Засгийн газраас өргөн барьсан аливаа хуулийн төсөл УИХ-ын босгыг давахад хүнд болсон юм болов уу гэх хардлага төрж байна?
Нэгэнт УИХ-аар Тавантолгойн гэрээг хэлэлцэх гэж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг барьж ажиллах ёстой. Хуулийг дээдэлдэг эрх зүйт нийгэмд амьдарч байна. Яг өнөөдрийн байдлаар Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцэж эхлээгүй байна. Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.
Хэрэв Тавантолгойн асуудал УИХ-ын босгыг даваад ороод ирвэл Хууль зүйн байнгын хороо байр сууриа илэрхийлнэ. Нөгөө талаас шийдлийн Засгийн газар байгуулна гээд намууд хамтарч эхлэхэд би ард түмний амьдрал ахуй, валютын ханш, инфляцийн түвшингээр ажил хэмжигдэнэ үү гэхээс дүр эсгэснээр үр дүн харагдахгүй гэдгийг хэлж байсан. Энэ байр суурь дээрээ байгаа, Засгийн газрын өргөн барьсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөв тайлбарлаж. гишүүдийг мэдээллээр хангах хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээг үзэглэж эдийн засгийн эргэлтэд оруулж байсан. Үүнээс үзэхэд сургамж авсан баймаар. Гэтэл өнөөдөр Тавантолгойн гэрээнээс харахад туршлагатай улсын хийх гэрээ биш байна гэх юм?
Гэрээний хувилбаруудтай танилцаж үзсэн. Яг нэг бүрчлэн хараагүй байна. Ажлын хэсгээс гарах санал, дүгнэлтийн хариуг хүлээж байна. Оюутолгойн гэрээний тухайд алдаа, оноо байсан. Анх талуудын хийсэн гэрээгээр явж чадахгүй байх шиг байна, Оюутолгойн хоёр дахь бүтээн байгуулалтыг өөрийнх нь хөрөнгөөр явуулах ёстой байсан. Гэтэл өнөөдөр арай өөр зүйл ярьж эхэллээ. Гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа юм уу, эсвэл нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу. Ямартай ч хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд гадна, дотны банкуудаас хөрөнгө босгоё гэж яриад эхэлсэн. Харин түүний батлан даагч нь Засгийн газар юм уу. Нөгөө талаас Оюутолгойн орд өөрөө болох гээд байгаа юм уу. Ийм зүйл яригдаж эхэлсэн.
Өнөөдөр Оюутолгой, Тавантолгой явж байна уу гэвэл урагш зүтгэж байна. Гэхдээ Оюутолгойн хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалт бүрхэг. Ерөнхий сайдын хэлж буй мэдэгдлээс харахад Оюутолгойн ирээдүйд гэрэл гийж байгаа мэт. Ер нь Монгол Улс хэдэн километр зам тавьж чадахаа байсан юм уу. Юу хэлэх гээд байна гэвэл, гурван орны төрийн тэргүүн Улаанбаатарт уулзсан. Уулзалтын дараа УИХ тогтоол баталж, ажиллах чиг үүргийг тодорхойлсон. Үүгээр БНХАУ руу төмөр зам барих тогтоол баталсан.
Цаашлаад нэг зах зээлээс хараат байхгүйн тулд ОХУ руу төмөр зам барих тухай баталсан. Өнөөдөр транзит тээврийн үнэ хөлсийг тохирох үлдсэн. Гэхдээ тухайн төмөр зам гадны өмч байж болохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой. Монгол Улс өөрөө эзэмшигч байж, бусад нь ачаа таваар зөөдөг байхаар зохицуулах хэрэгтэй.
Хамгийн гол нь тэр компанийг хэн эзэмших вэ гэдэг чухал биш. Өмнө нь урагшаа явдаг автозамыг санаж байгаа байх. Бетонон автозам гэсэн ч хажуугаар нь байгаль экологийг сүйрүүлсэн үзэгдэл хэрээс хэтэрсэн. Гэтэл өнөөх автозам нь хувийнх байж, өндөр тариф тогтоосноос үүдэж, хэрүүл маргаан болж эхэлсэн.
-Тэгэхээр таны бодлоор Тавантолгойг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэг байна гэж ойлгож болох уу?
Зүйтэй. Гэхдээ нэн тэргүүнд төмөр зам Монгол Улсынх байх ёстой. Хэрэв үгүй юмаа гэхэд төрийн мэдэлд 51 хувь нь үлдэх ёстой. Тэгж байж дараа дараагийн асуудлыг ярих хэрэгтэй.
-Тавантолгой урагшиллаа гэхэд хэн эзэмшигч байх вэ гэдэг асуулт гарч байна?
Ажлын хэсэг дүгнэлт гаргах байх. Ач холбогдолтой асуудал мөн ч юм уу, үгүй ч юм уу. Бүү мэд. Хамгийн гол нь Монгол Улсын иргэн хувьцаа эзэмшигч гэдгээ мартах учиргүй. 1072 хувьцааг иргэд гар дээрээ авсан. Миний ойлгосноор зарим нь улсдаа зарсан гэдэг. Угаасаа улс төрийн хүчнүүдийн амлалт ч байгаа. Нөгөө талаас хувьцааны тухай ойлголтыг ард түмэнд зөв өгөх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр IРО босгож хувьцааг зарж, түүнээс ноогдол ашиг хүртэх, хувьцаа барьцаалах жишиг байдаг.
Тавантолгойд хэн эзэн суух нь тийм ч чухал асуудал биш
Газрын доорх баялаг ард түмний өмч. Түүнээс гадна тодорхой хуулийн заалтыг үндэслэж иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгочихсон. Тэгэхээр хувьцаа эргэлтэд орох ёстой. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” ХХК ашигтай ажилласан бол ноогдол ашгаа өгч эхлэх ёстой байсан. Гэвч 2012 онд “Чалько”- гоос 350 сая ам.доллар авч иргэддээ тараачихсан. Тэр мөнгийг төлсөөр 100 сая ам.доллар үлдсэн. Энэ. өр дуусч байж Тавантолгой ашигтай ажиллана байх.
-Эдийн засаг, нийгмийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ батлахаар яригдаж байна. Үүгээр өрийн таазын хэмжээг нэмэх тухай хөндөгдсөн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өрийн таазын хэмжээг нэмэх тухай ярих нь хэр оновчтой юм бол?
Төсвийн тодотгол хийж энэ хүрээнд 400 сая ам.долларын бонд босгох боломж байна. Түүнээс гадна өрийн таазын хэмжээг харж хөрөнгө оруулалт зэргийг тооцож тэрбум 500 сая ам.долларыг гадна, дотноос босгох нь Засгийн газарт байгаа гэж ойлгож байна. Энэ бол хангалттай. Тэр мөнгийг оруулж ирж хамгийн гол нь зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Зөв зүйлд хөрөнгө оруулалт хийхгүйгээр талын нэг цацвал үр дүн гарахгүй. Дээр хэлсэн, зөв зүйл нь төмөр зам барих. Гол ажлаа хийхгүй байна, Засгийн газар.
-БНЭУ-ын Ерөнхий сайд ноён Наренда Моди манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Тэрбээр үүцээ задалж манай улсад нэг тэрбум ам.долларын зээл үзүүлэхээр болсон тухай хэвлэлүүд онцолж байна. Гэтэл зээл, тусламж нэрээр авсан мөнгө өрийн таазад нөлөөлж эхлэх юм биш үү?
Үүнийг хуулийн хүрээнд зохицуулах байх. Төсвийн тухай хуулиар алдагдал нь 4-5 хувьд барина гэж заасан. Өрийн таазыг төсвийн 40 хувиас дээш гаргахгүй гэж байсан ч 50 гаруй болгосон. Үүнийг барьж ажиллана. Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлбэл боломж нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр гадны хөрөнгө оруулалт тэг рүү зааж эхэллээ, Тиймээс өөр чиглэл барьж ажиллах ёстой.
-Өөр чиглэл барьж ажиллах ёстой гэлээ. Жишээлбэл, ямар чиглэл барих хэрэгтэй гэж?
Хүссэн хууль, эрх зүйн ‘орчныг бий болгож байна. Одоо яригдаж буй гэрээнүүдийг ухаалгаар хийж, төмөр зам бусад бүтээн байгуулалтыг цогцлоох хэрэгтэй. Хэрэв үүнийг нэн тэргүүнд хийхгүй бол дараа дараагийн нөлөө эдийн засагт хүнд тусч эхэлнэ.
-Сүүлийн үед шийдлийн Засгийн газрыг огцруулах мессэж тархлаа. Уг нь АН, МАН хоёр нэгдэж танхимаа бүрдүүлж, нийгэм, эдийн засагт бодит үр дүн авчирна хэмээж байсан. Гэтэл өнөөдөр яагаад огцруулах тухай хөндөгдөх болсон юм бол. Та юу гэж бодож байна вэ?
Өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын үр нөлөө энэ танхимд бий. Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулж чадсан. Энэ том алхам. Монгол Улс хүн шиг амьдрахад ганц алхам дутаж байна. Үүнийг төр, нийгэм мэдэрч эхэлсэн. Хэрэв энэ алхмыг зөв хийвэл эдийн засаг, нийгэм сайжирна. Тиймээс хэд хоноод Засгийн газраа огцруулдаг нь тийм ч зөв алхам биш, Хариуцсан ажлаа хариуцлагатай хийхийг нь харах хэрэгтэй.