Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгойн аль алийг нь дэмжиж болохгүй юм уу
Баасан гараг бүрийн үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд оролцон мэдээлэл өгдөг. Энэ дагуу Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд макро эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асуун, саналаа хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Манай баялгийн мөнгө Монголд орж ирэхгүйгээс бид хүнд байдалд орлоо. Гадныхныг дагаж гүйгээд гавихгүй нь ээ. Уул уурхай биднийг аврахгүй нь ээ. Мөнгөө гадаадад байлгаад байхаар олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд орж ирэхгүй байна. Төрийн бодлогогүй болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөх үү. Био хүнсний салбар л биднийг аврах бололтой. Эдийн засгийн хүндрэлээс яаж гарах вэ. Эдийн засгаа хумиснаар давах уу? Манай банкууд үйлчүүлэгчгүй болж, хүнгүйдэж байна. Та өөрөө очоод үз. Тавантолгойг хөдөлгөе гэх юм. Энэ чинь явж л байгаа төсөл шүү дээ. Харин сайжруулах талаар ярь. Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгойн аль алийг нь дэмжиж болохгүй юм уу?” гэсэн юм.
Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой далд уурхайн хөрөнгө оруулалтаа энэ онд хийнэ. Тус компанийн томоохон бүрэлдэхүүн энэ 7 хоногт Улаанбаатарт ажиллаж байна. Бид техникийн асуудлуудаа цэгцэлж байна" гэв.